Шууд Chart

Токио хотын аюулгүй байдлыг чангатгасан байна

2022-09-25 11:02:11

Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслол ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Токио хотноо болох юм. Уг ёслолыг угтаж Токио хотын цагдаагийн газар терроризм болон бусад аюулаас хамгаалах зорилгоор нийслэл хотын аюулгүй байдлыг чангатгасан байна.

Тухайлбал, Токиогийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нийслэлийн ачаалал ихтэй метроны гарцууд, гол гол хурдны замууд, нисэх онгоцны буудлын хурдны замуудад аюулгүй байдлыг хангахад дайчлан гаргажээ.

Мөн ЭСЯ-д болон гаднын зочид байрлах зочид буудлуудын аюулгүй байдлыг хангахад цагдаагийн хүчийг дайчилжээ. Бусад мужуудаас цагдаагийн нэмэлт хүч татаж, аюулгүй байдлын хамгаалалтад гаргах юм. Токио хотын метроны төв буудалд тэсрэх бодис илрүүлэгч нохойны тусламжтайгаар хяналт шалгалт хийсэн байна. Түүнчлэн гаднын орнуудаас ирэх өндөр түвшний зочдыг саадгүй зорчуулах үүднээс даваа гарагаас эхлэн нийслэлийн хурдын зам болон орон нутгийн бусад замуудын хөдөлгөөнийг гурав хоног хаах аж.

Өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр сонгуулийн сурталчилгаанд оролцож байх үедээ буудуулж амиа алдсан ерөнхий сайд агсан Абэ Шинзог төрийн хүндэтгэл дор үдэх ёслол Токио хотын төв дэх Ниппон Будокан цогцолборт 27-ны өдрийн 14 цагт болох аж. Энэхүү төрийн ёслолд эзэн хааны гэр бүлийн гишүүд, парламентын гишүүд болон дэлхийн олон орны төр засгийн тэргүүн гээд ойролцоогоор 6 мянган хүн оролцох юм байна.

Тухайлбал, Вьетнамын ерөнхийлөгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Монгол, Энэтхэг, Канад, Австрали, Сингапурын ерөнхий сайд, Европын зөвлөлийн ерөнхийлөгч гээд 210 гаруй улс орон газар нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Иймд төрийн ёслолын гол үйл ажиллагаа болох цогцолборын эргэн тойрны газруудыг түр хугацаанд хаахаар болжээ.

Мөн өдөр 10-16 цагийн хооронд гол танхимын ойролцоох байранд иргэд цэцэг өргөх ёслол болох юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио хотын аюулгүй байдлыг чангатгасан байна   
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй