Шууд Chart

Хонгор зүстэй, хорин настай, Хонгор нутгийн залуус…

2022-10-07 18:05:18

Тэмцээнд эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн 10 багийн нийт 350 орчим тамирчин өрсөлдсөн юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг тэмцээн цуцлагдсан учраас тамирчдын хувьд хүлээлт ихтэй байлаа. Мөн Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний өмнөх томоохон сорилго болсон юм.

Эрэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн баг тамирчид аваргын алтан медалийн эзэд боллоо. МВХ-ноос 2001 оноос хойш зохион байгуулсан тус тэмцээнд анх удаа орон нутгийн баг аварга (эр) болж байгаа нь энэ юм. Өмнө нь Дархан-Уул болон Булган аймгийн баг мөнгөн медаль хүртсэн нь орон нутгийн багуудын оргил амжилт юм. Ийнхүү энэ онд тус тэмцээний нэгэн шинэ түүх бичигдэж, Хонгор нутгийн залуус анх удаа Залуучуудын улсын аварга боллоо.

Тэд шигшээ шатанд өмнөх буюу 2020 оны тэмцээний аварга “Алтайн Барс Хилчин” багийг, хагас шигшээ шатанд 2018, 2019 оны аварга “Эрчим” багуудыг хожиж түрүүллээ. 2021 онд энэ тэмцээн цар тахлын цуцлагдсан юм. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн баг өмнөх 3 жилийн аварга багуудыг дараалан хожиж түрүүллээ. А.Очгэрэл дасгалжуулагчтай Баянгхорын баг ийнхүү аваргуудыг давж аварга боллоо.

Баянхонгор аймгийн багийн бүрэлдэхүүнд багтсан 14 тоглогчийн 12 нь Баянхонгор аймгаас төрөн гарсан тамирчид байлаа. Гарааны тоглогчдоос О.Чойжилсүрэн Сэлэнгэ, сэлгээний тоглогчдоос Х.Тэмүүлэн Говь-Алтай аймгаас гаралтай юм. Түүнчлэн нэг сумаас гаралтай эсвэл нэг багшийн удирдлагад волейболын спортын анх суралцсан зэрэг адил төстэй талуудтай тамирчид ч олон байна. Энэ нь тамирчдын ойлголцол, гар нийлэх байдалд ихээхэн дэм болж байгаа нь дамжиггүй.

Тус багаас онцлох тоглогч гэвэл тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн, довтлогч Г.Цэнд-Аюуш байлаа. Баянхонгор аймгийн Галуут сумаас гаралтай тэрээр энэ тэмцээний өмнөхөн нутгийнхаа багтай нэгдэж, ийнхүү шинэ багийнхаа хамтаар эхний тэмцээндээ түрүү байр эзэллээ. Өмнө нь Залуучуудын УАШТ-д “Эрчим” багийн хамтаар 2018, 2019 онд түрүүлж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа уг тэмцээний алтан медалийн эзэн болж байна. 22 настай Г.Цэнд-Аюуш шигшээ тоглолтод 3 ээлжид 23 оноо (довтолж-21, хааж-1, давуулж-1), хагас шигшээ шатанд мөн 22 оноо (довтолж-21, хааж-1) авч шилдэг тоглолт үзүүлсэн билээ.

Хэрэв энэ тэмцээнд шилдэг хаагчийн шагнал өгсөн бол гарцаа байхгүй Баянхонгор багийн О.Чойжилсүрэн авах байлаа. Шигшээ тоглолтод л гэхэд хааж 5 оноо авсны нэг нь тоглолтын сүүлийн буюу хожлын оноо байсан юм. Хагас шигшээ шатанд 12 оноо (довтолж-10, хааж-2) авсан нь хаагчийн байрлалын тоглогчийн хувьд мөн л өндөр үзүүлэлт. Эдгээр тоглолтуудад хаагаад унагаагүй боловч эсрэг багийн довтолгооны бөмбөгний хүчийг сулруулж багтаа довтлох боломж олгож байсан хаалтууд ч олон байв. Харин хаалт нь таарсан үед бөмбөгийг авралгүй унагаж байсныг онцолъё. Товчхондоо энэ насандаа, энэ байрлалдаа <<хуц, ухна тавьчихсан>> мэт байлаа.

Залуучуудын УАШТ-д 2017 оноос хойш шилдэг хаагчийн шагнал өгөхөө больсон. Өнөө цагт дэлхийн түвшинд тамирчдын ур чадвар дээд хэмжээнд хүрээд буй энэ үед хаалтан дээр л гол зөрүү гарч, багуудын хожил хожигдол шийдэгддэг болсон. Манай шигшээ багт дэлхийн дэвжээ хол байгаа ч Азийн түвшиндээ өрсөлддөг болохын тулд хаагчийн байрлалыг онцгойлон авч үзэж байх хэрэгтэй. Бодлого тодорхойлогч байгууллагын хувьд МВХ үүн дээр анхаарах шаардлагатай байна. Дээд лигээс бусад бүх тэмцээнд шилдэг хаагч шалгаруулахгүй байгаа нь дутагдалтай. Яагаад вэ гэвэл өсвөр насныхны тэмцээнээс эхлээд шилдэг хаагчийг шалгаруулаад эхэлбэл хүүхдүүд урамшихаас гадна тухайн байрлалын үүргийг илүү сайн ойлгож, дагнан бэлгэл сургуулилт хийж, энэ байрлалд тоглодог дэлхийн шилдэг тамирчдын тоглолтыг илүү ойлгон үзэх, байрлалын онцлогийг ялгаж, салгах гээд илүү нарийн ойлголттой болж, онолын талаас ч мэргэшин хөгжих боломж бүрдэнэ.

Энэ тэмцээн нь МВХ-ноос тогтмол зохион байгуулдаг тэмцээнүүдээс чансаагаараа “Дээд лиг”-ийн дараа орохуйц юм. Учир нь насанд хүрэгчдийн УАШТ-д лигийн тамирчдыг оролцохыг хориглож, тоог хязгаарлах зэргээр хориг тавьдаг учраас түвшний хувьд сонирхогчийн тэмцээн рүү илүү ойртоно. Түүнчлэн Монголын волейболын шинэ үеийн залуу тамирчид гарч ирээд буй цаг үе учраас энэ жилийн Залуучуудын УАШТ-ий медалийн төлөө өрсөлдсөн баг бүрийн гарааны бүрэлдэхүүнд багадаа 3-4 лигийн тоглогч багтаж байлаа. Лигийн өнгийг шалгасан ийм л чухал тэмцээнд Хонгор нутгийн баг хоригдолгүй, хожигдолгүй түрүүллээ.

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ

Давуулалтын давуу тал…

Багийн ахлагч Д.Раднааранцас тэмцээний шилдэг давуулагчийн шагналыг хүртлээ. Маргаан байхгүй тэмцээний туршид хамгийн сайн давуулж байсан тоглогч нь тэр байсан юм. Давуулалтын хувьд зөвхөн оноо авсан нь сайн давуулалт байдаггүй. Эсрэг багийн довтолгооны хувилбарыг устгаж, довтолгооны сонголтыг багасгах, цаашлаад эсрэг багаа хүндрэлтэй байдлаас довтлуулах, талбайдаа сул бөмбөг оруулж ирэх гээд олон талаар үр дүнгээ өгч болно.

Сайн довтлогчидтой баг довтлогчдынхоо давуу талыг ашиглахын тулд үсрэлттэй давуулалтыг хүчтэй, хурдтай хийж байж сая довтолгооны боломжоо илүү гаргадаг. Нэг ёсондоо эсрэг багаасаа илүү олон довтолж байж л олон оноо авах боломж бүрдэнэ. Харин олон довтлохын тулд давуулалтаа сайн хийж, сөрөг довтолгоо явах боломжтой бөмбөг олон удаа талбайдаа оруулж ирэх хэрэгтэй юм. Тиймээс сайн давуулж байж л хамгаалах магадлалаа нэмэгдүүлж, эргээд сөрөг довтолгоонд шилжинэ. Баянхонгор аймгийн баг энэ удаагийн тэмцээнд үүнийг маш сайн хийсэн учраас илүү олон боломж үүсгэж, илүү олон оноо авч байлаа. Тэд давуулалтын нөлөөгөөрөө эсрэг багуудаас ялгарч, гол давуу талаа болгосон юм.

Өөр нэгэн жишээ дурдахад мөнгөн медаль хүртсэн “Алтайн Барс Хилчин” багт Б.Мөнхсайхан мөн энэ тоглолтыг үзүүлж, багтаа боломжууд үүсгэж байлаа. Тиймдээ ч хагас шигшээ шатанд “Залуу Монгол” багт 1:2 харьцаатай хожигдож яваад 5 ээлж гарган хожиж, аваргын төлөө шалгарч чадсан. Харин шигшээ тоглолтын өрсөлдөөнд “Хилчин Алтайн Барс”-аас Б.Мөнхсайхан ганцаараа харин Баянхонгороос илүү олон тоглогч давуулалтын нөлөөтэй тоглолт үзүүлж байв. Шигшээ тоглолтод “Барс”-аас нэг л тоглогч давуулалтаар оноо авсан нь Б.Мөнхсайхан юм.

Волейболын спортод багийн бусад тамирчдаас шалтгаалахгүй, 100% хувь тамирчны ур чадвараар оноо авах боломж зөвхөн давуулалт дээр л байдаг. Тиймээс тамирчны хувийн бэлтгэл, ур чадварыг илтгэх хамгийн чухал шалгуурын нэг нь давуулалт юм. Тэмцээний турш Д.Раднааранцас болон Г.Цэнд-Аюуш нарын давуулалт үнэхээр онцгой сайн байв. Дасгалжуулагч А.Очгэрэл тэдний үсрэлттэй давуулах чадвар дээр маш сайн ажиллаж, хөгжүүлсэн нь илт харагдаж байлаа. Тэмцээний үеэр ч өглөө эрт хөнгөн бэлтгэл хийж, давуулалт дээр нь ажиллаж байснаа ч ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Тэд давуулалтын хувьд нэг байтугай түвшин ахин орж иржээ. Ялангуяа бөмбөгний шидэлт, мэдрэмжийн хувьд тун чадмаг байгаа нь харагдлаа. Волейболын спортод давуулалт амжилттай болох эсэхийн 50-с дээш хувь нь бөмбөгний шидэлтээс хамаардаг.

Давуулалтыг “Serve” буюу үйлчлэх, эсрэг багтаа тоглох бөмбөгийг нь өгөх гэсэн утга агуулгаар нэрлэсэн байдаг. Тоглолтыг эхлүүлж байгаа учраас ингэж нэрлэсэн боловч өнөө үед энэ утга нь талбай дээр ор мөргүй алга болжээ. Одоогийн түвшинд давуулалтын бөмбөгийг нь авах нь хүндрэлтэй болсон бөгөөд түүнийг хэрхэн авахаас довтолгоогоор оноо авах эсэх нь шийдэгдэж байна. Дэлхийн том багуудын хувьд оноо хэд ч байсан давуулалтаар шууд оноо авах, эсрэг багийг довтолгоогүй болгох зорилго агуулан тоглох болжээ.

Багийн спортын төрлүүдэд тамирчид тэмцээнээс тэмцээний хооронд дахь урт завсарлага, амралтаараа үндсэн бэлтгэлээс гадна хувийн аль нэг чадвар дээрээ анхааран ажиллаж хөгжүүлдэг. Сагсан бөмбөгийн спортод л гэхэд тамирчид урагш, хойш алхамттай шидэх, эргээд шидэх, суларсан гүйлтээс шууд шидэх гээд шидэлтийн олон чадваруудаас аль нэгийг нь маш сайн хөгжүүлээд шинэ улирлыг шинэ “skill”-тэй болоод эхлүүлдэг. Олон зүйлийг зэрэг сурахаас илүүтэй нэг чадвараа онол болон дадлагын хүрээнд гүйцэт судалж, давтаад бүрэн эзэмшсэн үедээ дараагийнх руугаа орох нь хөгжлийн зөв систем юм. Үе давдаг тоглоом мэт шат дараалалтай сурч хөгжих нь тамирчны боловсрох явцыг ч илүү зөв зохистой болгодог билээ. “Эмх цэгцгүй мэдлэг мэдээллээр тархиа дүүргэвэл нурсан номын сантай адил болдог” гэдэгтэй агаар нэг юм.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас гаралтай довтлогч Д.Раднааранцас хагас шигшээ тоглолтод 21 оноо (довтолж-13, давуулж-6, хааж-2), шигшээ тоглолтод 14 оноо (довтолж-9, хааж-4, давуулж-1) авч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тамирчны сэтгэл зүй ямар түвшинд байгааг хэд дараалан амжилттай давуулж байгаа нь ихээхэн илтгэнэ. Д.Раднааранцасын хувьд сүүлийн 2 тоглолт дээр давуулалтын ээлж дээрээ цөөндөө 2-3 удаа давуулж байв. Алдаа гаргах тохиолдлууд ч байсан. Гэхдээ нэг хүн асуудлыг шийдчихэж болдоггүй энэ спортод тамирчны үйлдэл бүр сэтгэл зүйгээс нь ихээхэн хамаардаг учраас алдаагүй тоглох боломжгүй. Нийт оролдлогын 1/3 амжилттай байхад л боломжийн үзүүлэлт болно. 

Эдийн засаг, бизнес ямар ч салбарт хүн нэг зүйл санаачилж, эхлүүлээд хаявал нээж хөгжүүлэх биш хоцрогдол болж үлддэг. Спортод ч бас аль нэг техник, ур чадвар, онол, арга барил зэргийг тууштай давтаж, дадал болтол хийн бүрэн эзэмших ёстой байдаг. Хувь хүн боловсролдоо хөрөнгө оруулах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт гэдэг бол спортод тамирчин хүний боловсролын чухал хэсэг нь чадвар байдаг. Тэгэхээр түүнийгээ хөгжүүлж чадсан бол дараа нь үргэлж усалж, тордож байх шаардлагатай. Г.Цэнд-Аюуш, Д.Раднааранцас нар ч давуулах чадвараа бүр илүү сайжруулж чадвал цаашид олон улсын түвшинд хүрэхүйц болтлоо хөгжих боломжтой гэж харж байна. Одоо өөрсдийнх нь хичээл зүтгэл мэднэ.

“Дурлалт залуу шиг араас нь хөөцөлдөж байж эрдмийг сурдаг” - С.Дулам

“Нэг хүний арван алхамаас, Арван хүний нэг алхам хүчтэй”

Баянхонгор аймгийн баг ийнхүү өөрсдийн тоглоно гэсэн арга барил, ашиглана гэсэн давуу талаа гарган тоглож түрүүллээ. Тэд эсрэг багийн тоглолтоос шалтгаалж тактик хувилбараа өөрчилнө гэхээсээ илүүтэй өөрсдийнхөө бэлдсэн тоглолтыг гаргаж, өөрсдийн хэмнэлээрээ тоглохыг хичээж байлаа. Тоглолтын явцад хамгийн чухал зүйл бол талбайд болж байгаа зүйлийг хадгалах, үүнийг өөрчлөхгүй байх нь их чухал. Дасгалжуулагчдын баг үүнийг маш сайн мэдэрч хэрэгжүүлсэн. Юугаар илүү байна түүнийгээ түлхүү ашиглан тоглож байв.

Үндэсний бөхөд баглаж барилдах уу, цацаа цалгиатай барилдах уу гэдэг шиг энэ багт хурдтай, хүчтэй тоглох болон эсрэг багаа давуулалт, хаалтаараа эрхшээлдээ оруулан тоглох гээд аль аль нь байна. Өөрөөр хэлбэл бөхийн дээрх хоёр аргыг хослуулан ашиглаж байлаа. Баглаад байгаа хэр нь цацаа цалгиатай, түс тас гэсэн тоглолттой. Мөн эсрэг багаасаа шалтгаалж өөр өөр хэв маягаар ч тоглох чадамжтай юм билээ. Бодох юмгүй, шууд хамаа намаагүй довтлоод тоглож болж байна. Хамгаалалт дээрээ түлхүү анхаарч, нөгөө багаа анаж, алдаанд тулгуурлан тоглож ч болж байна. Учир нь тамирчид нь тэгш тоглолттой, жигд ур чадвартай байна.

Аливаа спортод хамгаалалт гэдэг гол суурь, тулгуур нь байдаг. Тиймдээ ч “Довтолгоогоор тоглолтод хожиж болох ч хамгаалалтаар цом авдаг” гэсэн байдаг. Хамгаалж байж довтлох учраас олон улсад бага насны хүүхдүүдэд эхлээд хамгаалах чадварыг маш сайн суулгадаг. Волейбол шиг өрсөлдөгчөөс гадна тоотой уралддаг спортод нэг оноо гэдэг тун үнэ цэнтэй. Нэг хамгаалалтаас нэг оноо илүү гарах боломж үүснэ. Тиймээс эсрэг баг давуулж, довтолж буй үед нэн тэргүүний асуудал хамгаалах юм. Баянхонгорын багийн тоглогч бүр өөр өөрийн ажлаа хариуцлагатай хийж, тус тусын үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж буй байдал цаашид амжилтын <<түлхүүр>> нь болох боломжтой. Нэг хүний 14 алхам биш 14 хүний нэг алхам тэднийг түрүүлгэлээ.

Мөн шинээр бүрдсэн баг гэхэд дотоод уур амьсгал, харилцаа хүндлэл, эв нэгдэл, ойлголцол тун сайн байгаа харагдсан. Тамирчин хүний амжилт болон цаашдын замналд суурь хүмүүжил, боловсрол хамгаас чухал болоод буй энэ цаг үед ийм нэгдмэл, нэгэн цул болсон баг бүрдүүлж чадсан нь сайшаалтай. Багийн удирдлагууд, дасгалжуулагчид ч тамирчдаа сонгохдоо хувийн сахилга бат, зан төлөвийг харж, үүн дээр багагүй анхаарсан байх нь дамжиггүй.

Аргентин хүүхдүүдэд хөлбөмбөг тоглох унаган хөдөлгөөний авьяас, байгалийн өгөгдөл, мэдрэмж нь байдаг. Гэвч ихэнх тохиолдолд толгойд нь авьяас байдаггүй нь гол асуудал. Аргентинд одоо ч алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн бага насных шиг ур чадвартай мянга мянган хүүхэд байгаа. Харин Месси шиг хүмүүжил төлөвшилтэй, сахилга баттай хүүхэд байхгүй байгаад л дараагийн од төрөхгүйн асуудал оршиж байгаа юм. Аргентин тоглогчид хөлбөмбөгийн наймааны цонхоор <<найдвартай бараа>> байж чаддаггүй нь 100% үүнтэй холбоотой. Сагсан бөмбөгт ч мөн адил. Жишээ нь 2019 оны ДАШТ-д Аргентинчууд ур чадварын хувьд ямар сайн тоглож, мөнгөн медаль хүртсэн билээ. Гэтэл Луйс Сколагийн түвшинд NBA-д тоглох тамирчин төрөхгүй байсаар л байгаа нь өнөө л толгойн дахь авьяасын дутагдал бөгөөд сахилга бат, боловсролын асуудал юм. Баянхонгор багийн хувьд тамирчдын ур чадвар чухал ч дээрх жишээний адил тархин дахь чадварыг нь тэргүүнд тавьж багаа бүрдүүлсэн байна гэж харагдаж байна.

Баянхонгор аймгийн волейболын холбооны тэргүүн, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан эзэнтэй тус багийн ерөхий ивээн тэтгэгч нь Б.Лхагважав захиралтай геологи, уул уурхайн “Корунд Гео” ХХК юм. Энэ баг хамт олны хөдөлмөрийн дүнд Монголын волейболын спортод нэгэн тод өнгө нэмэгдэж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ

Гэрэл дасгалжуулагчийн гэрийн даалгавар…

Баянхонгор багийн ахлах дасгалжуулагч А.Очгэрэлийн хувьд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны Азийн наадам болон Зүүн Азийн АШТ-д оролцож, клубийн түвшинд “Харх” (2007-12), “Эрчим” (2012-22) гэсэн том багуудад олон жил амжилттай тоглож, дотоодын бүхий л тэмцээн уралдаанууд олон ч амжилт гаргаж, олон ч удаа шилдэг холбогчоор шалгарч байсан. Дасгалжуулагчийн гараагаа эхлүүлээд эхний тэмцээндээ шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм. Гараа сайн бол бариа сайн гэдгээр бол тун сайн эхлэл. Ерөнхийдөө багийн спортын төрлүүдэд холбогч, найруулагчийн байрлалд тоглодог байсан тамирчид дасгалжуулагчаар амжилттай ажиллах магадлал хавьгүй өндөр байдгийг хэд бол хэдэн жишээгээр батлаж болно. Энэ удаагийн тэмцээнээр жишээ авахад л багаа түрүүлгэж, шилдэг дасгалжуулагчаар шалгарсан А.Очгэрэл, ОУХМ Б.Хэрлэн нар аль аль нь холбогч. Хүрэл медаль хүртсэн багуудын хоёр дасгалжуулагч болох ОУХМ Ч.Отгонбаяр, А.Батжаргал нар ч мөн холбогчоор тоглодог тамирчид юм.

Багийн спортод дасгалжуулагчдын арга барил харилцан адилгүй. Тоглолтын философи эсвэл тактикийн, судалгааны, сэтгэл зүйн гээд онцгойрох зүйлстэй байдаг. Баянхонгорын багийн ахалх дасгалжуулагч А.Очгэрэлийн хувьд багийн эв нэгдэл, уур амьсгалыг тун сайн барьж чаджээ. Шинээр бүрдсэн баг байтугай тогтсон баг дээр ирсэн шинэ дасгалжуулагч хүссэн хэмжээндээ, төлөвлөсөн түвшиндээ ажиллаж амжилт гаргахад багадаа хоёр жилийн хугацаа шаарддаг. Гэтэл түүний хувьд багаа богино хугацаанд маш сайн нэгтгэсэн байна. Баг бүрэлдэхүүнийг нэгтгэж, жинхэнэ утгаар нь БАГ болгоно гэдэг дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид дээр ч амаргүй байдаг. 

Ингэхдээ түүний алхмууд зөв дарааллаар явж байгаа харагдлаа. Эхлээд багаа эвлүүлэн нэгтгэх хэрэгтэй. Учир нь нэгдсэн, нэгдмэл баг дээр ажиллахад цаашид хийж хэрэгжүүлэх бүх зүйлийн цаг хугацааг дөтөлж, гарах үр дүн нь ч илүү байх болно. Одоо өөрийн хүссэн тоглолтыг хэв маяг, арга барилаа шат дарааллаар нь суулгаад явж байна. 

Манайд дасгалжуулагч гэдэг нэгдсэн ерөнхий ойлголт байдаг. Угтаа бол дасгалжуулагч нь “Trainer” буюу дасгал хийлгэгч, сургагч хүн юм. Харин багийг тактик, хувилбар, тоглолтын хэв маяг гээд бүхлээр нь удирдах хүн бол “Coach” юм. Тактик гэдэг өөрийн болон өрөөлийн багийн давуу, сул талуудыг олохоос үндэслээд бэлтгэдэг боловсруулалтын нарийн судалгаатай, мэдлэгийн өндөр түвшинд явагддаг олон зүйлийн утга бүхий том агуулга. Олон улсад тактикт муу бол өөр бусад талаараа түүнийгээ нөхөж чаддаг дасгалжуулагчид цөөнгүй байдаг. Нөхөж болдог гол зүйл нь хувийн харилцаа. Хувь тоглогчидтой сайн тулж ажилладаг дасгалжуулагч олон. Тэд ихэвчлэн сэтгэл зүй дээр нь тулж ажиллаж, урам зориг өгч нөөц боломжийг нь тултал гаргадаг. Гэхдээ энэ нь алс хэтийн зорилготой, ухаантай тоглолт бус фитнесийн буюу хүчний тоглолт учраас насгүй. Ухаантай буюу тохирсон арга барилын тоглолтыг тамирчдын тархинд суулгасан тоглолт хамгийн үр дүнтэй. Хоёрдугаар арга барилаар богино хугацааны тэмцээнд л амжилт гаргах боломжтой.

Багийн гол зорилго мэдээж “Дээд лиг”. Энэ тамирчид дээр холбогчоор лигийн алт, мөнгөн медальт Г.Төрмандах (Мегастарс), хаагчаар лигийн мөнгөн медальт М.Ганбилэг (Алтайн Барс Хилчин) болон лигт хоёр удаа тоглосон туршлагатай, Хонгор нутгийн хүү Б.Билгүүн (Хос Бар) зэрэг чадварлаг залуу тоглогчид нэмэгдэх юм. Үүгээр ч зогсохгүй. Нэмээд чөлөөт хамгаалагчийн байрлалд Япон улсын тамирчин Масүяа Шүтей, Казахстан улсын “Үндэсний лиг”-ийн тэмцээний “Мангыстау” клубээс өндрийн довтлогч Ерасыл Жанадилов нарыг авчээ. Мөн АНУ-аас нэмж нэг довтлогч авахаар яриа хэлцлээ хийгээд явж байгаа юм байна.  Ингээд харахад 2022 оны “Дээд лиг”-ийн тэмцээнд яах аргагүй нэгэн хүчтэй өрсөлдөгч нэмэгдэж байгаа нь тодорхой байна.

Ерасыл Жанадилов нь Азийн клубуудын АШТ-д дэлхийн шилдгүүдийн эсрэг эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж байсан чадварлаг тамирчин. Харин Япон легионер тэр дундаа чөлөөт хамгаалагчид ямар байдгийг манай волейбол сонирхогчид сайн мэднэ. Учир нь 2019 оны “Дээд лиг”-т шилдэг хамгаалагчаар шалгарч байсан Шо Такахаши (Алтайн Барс) тухайн жилээ яаж хамгаалдгийг яруу тодоор харуулж байсан билээ. Одоо тэрээр дэлхийн томоохон лигүүдийн нэг Польшийн “Плас лиг” буюу 1-р зэргийн лигт тоглож явна. Чөлөөт хамгаалагчийн байрлалд легионер авчирна гэдэг бол туйлын зөв сонголт бөгөөд багтаа төдийгүй Монголын волейболд оруулж маш том хөрөнгө оруулалт юм. Олон залуусын волейболыг харах өнцгийг өөрчилж, нүдийг нээнэ гэж таамаглаж байна.

(Шо Такахаши болон чөлөөт хамгаалагчийн байрлалын тоглогчийн онцлог, Япон тоглогчдын талаар дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл https://www.mnb.mn/i/193123 холбоосоор орж уншаарай.)

Холбогч Г.Төрмандах өнөө цагт өөрийн байрлалдаа Монголдоо дээгүүр байрт бичигдэх авьяаслаг тамирчин. Л.Баатархүрээ дасгалжуулагчийн удирдлага дор олон жил тоглохдоо ихийг сурч, лигийн шигшээ цувралд хоёр удаа тоглож, багагүй туршлага суусан тамирчин. Түүний төрөлх авьяас, оюуны чадамж нь тоглолтын үүрэг, байрлалынх нь онцлогт ихээхэн зохицдог нь бусдаас ялгаатай. Мөн ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчийн хувьд тамирчин байхдаа холбогчийн байрлалдаа тэргүүлэх тамирчдын нэг байсан учраас Г.Төрмандахад өнгөрсөн хугацаанд багшаасаа сурч хуримтлуулсан эрдэм хэн хүнээс дутахааргүй бий.

А.Очгэрэлийн хувьд чухал хэд хэдэн шалгууруудыг хангаж байна. Одоо түүний тактик л гол хүлээх зүйл болж байна. Нэг талаас айлгаж байна ч гэж хэлж болохоор. Учир юу вэ гэвэл…

  • Д.Раднааранцас бол цэвэр тактикийн тоглогч. Багт хэддүгээр ч үүргийн тоглогчоор тоглож чадна. Гол давуу тал нь “БИ” гэсэн зангүй, эго багатай. Энэ нь багийн спортын тамирчны хэтийн замналд машид хэрэгтэй чанар юм.
  • Довтлогч Г.Цэнд-Аюушийн хувьд мөн л багаар тоглодог, хувилбар ихээр ашигладаг тоглолтын арга барилтай “Эрчим” багаас ирсэн. Иймээс тактикийн ойлголт сайтай. Хэд бол хэддүгээр үүргийн довтлогчоор тоглох чадамжтай.
  • Хаагч О.Чойжилсүрэн мөн л би төвгүй, үүргээ ухамсарладаг тоглогч. Тактик хувилбар хэрэгжүүлэхэд сэтгэл хөдлөлөөр хандахааргүй, тайван зан чанартай.
  • Холбогч Г.Төрмандах мөн тайван, ухаалаг, гүйцэтгэл сайтай, нягт тоглолттой. Мөн сүүлийн жилүүдэд дотооддоо тэргүүлэх амжилттай байсан “Мегастарс” багаас ирсэн учраас тактикийн ойлголт ч лигтээ дээгүүр л орно.

Дасгалжуулагч зорьсон тактик, хувилбаруудыг хэрэгжүүлэхийн тулд л тоглогчдоо ийн сонгож авсан биз ээ. Баг чирэх лидер тоглогчид чухал ч тэднийг тоглох боломжийг бүрдүүлдэг, арыг нь дааж, дэмждэг буюу үүргийн тоглогчид лидерээс дутуугүй үүрэгтэй болсон цаг үе билээ. Одоо бүү хэл өмнөх цагаар жишээлсэн ч Пиппенгүй Жордан, Стоктонгүй Мэлоун, Пэйтонгүй Кемп гэж байхгүй. Үүний адил Дасгалжуулагч А.Очгэрэл яагаад багийн тоглолтыг чухалчилсан, өөрийгөө түрүүнд тавьдаггүй тоглогчдыг авсан нь цаанаа учиртай. 

Эдгээр залууст сэтгэл зүйн хүч болоод бэлэн байдал мөн оюун санааны хувьд тодорхой зориг зүрх юу юунаас илүүтэй хэрэг болно. Энэ талаас нь сайн бэлдээд, шаргуу ажиллан хөгжүүлээд өгвөл лигийн аль ч багаас дутахгүй өрсөлдөх нь тодорхой. Мөн нэг нэгэндээ итгэх итгэл энэ спортын бүх зүйлд, бүх цаг мөчид тулгуур ойлголт байдаг билээ. Гэхдээ шинэ баг учраас мэдээж бүх зүйлд нь цаг хугацаа хэрэгтэй. Юутай ч одоогоор багийн ахлах дасгалжуулагч А.Очгэрэл гэрийн даалгавруудаа “А” үнэлгээтэй хийж байна. Тэрээр “Дээд лиг”-т анх удаа баг удирдан оролцох учраас алдаа, оноо алаглаж, туршлага хуримтлуулж ихийг суралцах чухал <<тулаан>>-д орох гэж байна.

“Сайн дасгалжуулагч загас хаана байгааг заадаг, шилдэг дасгалжуулагч загас яаж барихыг заадаг” - Коби Брайант

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ

Тамирчин болоход хамгийн чухал зүйл нь хандлага байдаг. Хандлага зөв бол үргэлж бусдаас урд алхах боломжтой. Хандлага гэдэг нь өөрөө хувь хүний олон зүйлийг нэгтгэсэн том агуулга юм. Багийн гол тоглогчид болох Д.Раднааранцас, Г.Цэнд-Аюуш, Г.Төрмандах, О.Чойжилсүрэн нар энэ тал дээр хоорондоо төстэй талууд олон байна. Адилхан даруу төлөв, би биш бид үзэлтэй, шаргуу хичээнгүй, аливаад нухацтай, өсөн дэвших тэмүүлэлтэй, бусдыг хүндэлдэг, бусдаас сонсож, суралцдаг тийм л залуус. Хамгийн онцлох нь хэзээд, ямар ч үед ашигтайгаар тусдаг тайван чанартай. Ийм тоглогчид дээр дасгалжуулагчийн бүх талын ажил талбайд ч, талбайн гадна ч маш сайн хэрэгжих боломжтой гэж харж байна.

Мөн үндсэн суурь техник, ур чадваруудыг гологдохооргүй түвшинд эзэмшсэн тамирчид юм. Товчхондоо суурь сайтай. “Basic” зүйлс буюу энгийн мэт боловч үндсэн, суурь зарчмуудыг мэддэг, алдаагүй хийж чаддаг байх нь тун чухал. Дасгалжуулагч хэчнээн их судалгаа, тактик стратеги боловсрууллаа гээд тамирчид нь хийж, хэрэгжүүлж чадахгүй бол тэр бүх тооцоо, төлөвлөгөө үйлдлээр хэрэгжилгүйгээр үгтэйгээ хамт замхран одно. Тоглолт бүрд, бэлтгэл бүрд өдөр бүр хийж байх ёстой зүйлсийг хэвшил болгосноор тамирчны амжилт, карьер нь тогтвортой байдаг юм. Английн алдарт хөлбөмбөгчин Фрэнк Лампард “Надад бусдаас ялгарах авьяас байхгүй. Би хөдөлмөрлөж л чадна. Анх хөлбөмбөг сурахдаа л заалгаж байсан дасгалуудаа би одоог хүртэл өглөө бүр хийдэг. Энгийн мэт боловч энэ суурь техник, ур чадварууд миний амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн юм.” гэж намтар номдоо бичсэн байдаг.

Д.Раднааранцас одоогоор “хөлөндөө пүрштэй, үендээ резинтэй” мэт л байна. Ахиад ч өсөн дэвших бололцоо бүрэн бий. Түүний хувьд яг л дасгалжуулагчдын хүсдэг тактикийн тоглогч. Цаашид бүх байрлалд жигд, олон талт тоглолттой, багийн тэнцвэрийг хадгалдаг, бусдынхаа алдаа, дутагдлыг нөхдөг тийм л тамирчин болохоор суралцаж яваа залуу тоглогч.

“Box to Box” буюу урд хойд хоёр бүсийн тоглолтын гүүр болж, хоёр талын тоглолтыг хооронд нь холбож, жигд үүрэг гүйцэтгэдэг тоглогчийн үүрэг маш чухал болоод байна. Орчин үеийн волейболд довтолгооноос хамгаалалт, хамгаалалтаас довтолгоонд хэр хурдан шилжиж байгаагаас ялж ялагдах нь ихээхэн шалтгаалдаг болсон. Дасгалжуулагчийн тактик, төлөвлөгөө болон тоглогчдын гүйцэтгэл, ур чадвар дээд түвшинд зэрэгцэн ирж байгаа учраас ялгаа гарах гол зүйлсийн нэг нь хурд болж байна. Волейболыг нурууны спорт гэх болсон ч энэ хоёр довтлогч болон холбогчийн хурд тус багийн бас нэгэн гол <<зэвсэг>> байх болно.

Спортод тэр тусмаа багийн спортод амжилт гаргахад сэтгэл зүйн хувьд амжилтаар цангах, <<өлсгөлөн>> зан яалт ч үгүй чухал. Энэ багаас Г.Цэнд-Аюуш хоёр удаа лигээс хүрэл медаль, 2021 оны лигт Г.Төрмандах мөнгөн медаль хүртсэн бол Д.Раднааранцас 4-р байр эзэлсэн. Мөн 2019 оны лигт медалийн төлөө шалгарч чадаагүй О.Чойжилсүрэн эргэн лигт тоглоно гээд бодохоор тэдэнд хэн хүнээс илүүтэй аварга болох хүсэл тэмүүлэл бий. Тус багийн гол гэсэн тоглогчдын талаар өгүүлэхэд л ийм байна. Тэдэн дээр легионер тамирчид нэмэгдэнэ. Ард нь Ц.Сумьяабазар, О.Мөнхнасан, М.Машбат, Г.Амартүвшин гээд <<асаалттай танкнууд>> ч цөөнгүй байна. Ялалт амжилтад хүрэхэд чадвараас илүүтэй хүсэл тэмүүлэл чухал байдаг.

Монголчууд бид эрт дээр үеэсээ нүүдэлчний соёлтой учраас нөлөө нь арилшгүй. Давуу талууд нь одоо ч гарсаар байдаг. Гэхдээ сул ч тал бий. Багийн спортын төрлүүдэд л гэхэд олон баг дамжих, хариуцлагаас зугтах, буруугаа бусдад өгөх гээд тогтсон байр суурьгүй, нүүгээд л явдаг тамирчид манайд их байдаг. Тэгдэггүй нь ч бий. Үүнд өссөн орчин, хүмүүжил, хот эсвэл орон нутаг гээд аль газар нутгийнх вэ зэрэг олон л зүйл нөлөөлдөг болов уу. Хонгор нутгийн залуусын зан ааш, онцлог ямар байдаг вэ гэдгийг энэ баг багагүй илтгэнэ. Тиймээс нутаг усныхаа нэрийг сайн, муу ямар байдлаар гаргахаас эхлээд олон хариуцлага тэдэнд ирж байна. Цаашид баг бүрэлдэхүүн нэгдмэл байдлаа хадгалаад явах нь хамгаас чухал. Багаа урт хугацаанд барихыг чухалчилж байгаа учраас ч ийм залуу тамирчдыг сонгосон болов уу. Энэ тэмцээнд тоглогчдын дундаж нас 20.5, дундаж өндөр 185 см гэсэн үзүүлэлттэй байлаа.

Хонгор зүстэй, хорин настай залуусаар баян Хонгор нутгийн баг ийнхүү хорин гурав хүртэлх насны улсын аварга боллоо. Хоёр мянга хорин хоёр оны лигийн тэмцээнд хосгүй амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Гэрэл зургийн эх сурвалж: П.Ууган-Эрдэнэ

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хонгор зүстэй, хорин настай, Хонгор нутгийн залуус…  
Үзсэн: 7532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй