
Филиппинд Налгэ нэртэй халуун орны хар салхины улмаас 48 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсон тухай тус улсын гамшгаас хамгаалах агентлаг Ням гарагт мэдэгдсэн тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ. Тус улсын Засгийн газар иргэдээ үерийн аюулаас сэрэмжлүүлэхийн зэрэгцээ аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Филиппинд Бямба гарагийн үүрээр болсон Налгэ шуурганаас үүдэлтэй аадар бороо, хүчтэй салхины улмаас хөрсний гулгалт үүсэж, үерийн гамшиг нүүрлээд байна. Тухайлбал, Султан Кударат мужийн захирагч Пакс Али Санки Мангудадатугийн хэлснээр, үерт тус мужийн 150,000 гаруй хүн нэрвэгдэж аюулд ороод байгаа юм байна. Түүнчлэн, далайн хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт байнга өртөх эрсдэлтэй байдаг өмнөд мужийн байгалийн гамшгийг даван туулах чадавхыг сайжруулахын тулд засаг захиргааны зүгээс дэд бүтцийн бүтээн байгуулалтаа бэхжүүлэх хүчин чармайлт гаргасаар байгааг тус мужийн захирагч онцлон тэмдэглэжээ.
Гамшгийн дараа тус мужийн засаг захиргаа аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, гамшигт нэрвэгдсэн иргэдээ хоол хүнс, ундны усаар хангасан байна. Харин хөрсний гулгалт, үерийн улмаас тус мужийн төв замууд нэвтрэх боломжгүй болж хаагджээ. Иймд аврах ажиллагааны явцад Онцгой байдлын албаныханд нэлээд хүндрэлтэй томоохон сорилт болж байгаа юм байна. Филиппинд жилдээ 20 шахам удаа далайн хар салхи эсвэл халуун орны шуурга болдог байна.
Филиппинд шуурганы улмаас олон хүний амь эрсдэв | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.