Шууд Chart

ОУАЭА: Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт нотолгоо олдоогүй

2022-11-05 10:14:10

Олон улсын атомын энергеийн агентлаг Украины газар нутгийн гурван хэсэгт явуулсан шалгалтаар “бохир бөмбөг” буюу цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг бүтээж байгааг нотлох сэжигтэй баримт, материал олдоогүй гэсэн дүгнэлтийг танилцууллаа.

НҮБ-ын харьяа тус агентлаг Украины Засгийн газрын хүсэлтээр Киев хотын цөмийн судалгааны хүрээлэн, уран олборлох, боловсруулах үйлдвэр, Днипро дахь машин үйлдвэрлэлийн төв зэрэг газруудад шалгалт хийжээ.

Москвагийн эрх баригчид Украины газар нутаг дээр цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг буюу "бохир бөмбөг" үйлдвэрлэж байж болзошгүй. Үүнд нь Украин дахь холбогдох байгууллагууд оролцоотой гэж буруутгаж, улмаар шалгах хүсэлтийг НҮБ-д гаргасан юм.

Украины тал шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Оросын хүсэлтийн дагуу Украины төрийн урилгаар Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Украины гурван ч газарт шалгалт, шинжилгээ хийжээ.

Тус агентлагийн тэргүүн Рабаэл Гросси сэтгүүлчдэд шалгалтын дүнг танилцуулахдаа "Өнөөг хүртэл бидний явуулсан техникийн болон шинжлэх ухааны үнэлгээгээр дээрх гурван газарт цацраг идэвхт бодис бүхий зэвсэг бүтээж байгаа гэх ямар нэг шинж тэмдэг, баримт нотолгоо илгээгүй байна. Украины эрх баригчид сүүлийн хэд хоногийн хугацаанд тухайн газруудад саадгүй нэвтрэх бололцоо олгосны дүнд шинжээчид Олон улсын атомын энергийн агентлагийн төлөвлөж байсан бүх судалгаа, шинжилгээний ажлыг бүрэн гүйцэтгэж чадсан" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын шинжээчдийн үнэлгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, газар нутаг дээрээ шалгалт явуулах бүрэн эрх чөлөөг олгож, "бохир бөмбөг" бүтээгээгүй гэдгээ үгүйсгэх аргагүйгээр нотоллоо гэж мэдэгджээ.

"Бохир бөмбөг" гэж нэрлэдгийн учир нь уг бөмбөг дэлбэрэх үедээ цацраг идэвхт бодис, биологийн болон химийн хорт бодисыг өргөн уудам газар нутагт тараадагтай нь холбоотой юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУАЭА: Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт нотолгоо олдоогүй   
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй