
УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан энэ удаагийн редакцийн зочин буланд уригдлаа. Тэрбээр Косово улсын Пеяа хотод зохиогдсон ЮНЕСКО-гоос жил бүр зохион байгуулдаг моно жүжгийн олон улсын фестивальд Нина Мазурын “Би Эдит Пиаф байна" жүжгээр оролцож “Шилдэг уран бүтээл-Гран При” шагналыг хүртээд ирсэн. Театр урлагийн тогоонд олон жил буцалсан ч эгэл даруухан, чимээгүйхэн оршдог жүжигчин бүсгүй “Гран При аваад ирэхэд хүмүүс нэг их тоохгүй байсан. Харин Засгийн газраас 65 сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо гэсэн чинь бүгдээрээ л намайг сонирхож эхэллээ. Мөнгө их хүчтэй эд шүү” гэсээр яриагаа эхэллээ.
-Та дэлхийд нэртэй фестивалийн хамгийн шилдэг шагналын эзнээр нь тодорсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
- Фестиваль дөрөвдүгээр сарын 16-22-ны хооронд Косово улсын Пеяа хотод болж 13 орны 70 гаруй уран бүтээлч ур чадвараа сориход Монгол Улс драмын төрлөөр анх удаа олон улсаас Гран При шагнал хүртлээ.
Буцаж ирээд хэвлэлийн хурал хийлээ. Ер нь нийтээрээ нэг их тоосонгүй. /инээв/ Тэгээд л мартагдсан даа. Ингээд уран бүтээлийн тайлан тоглолт, “Гэгээн муза”, “Чөлөөт хос” жүжгийн бэлтгэл ажил ар араасаа өрнөсөөр яамандаа нэлээн хожуу ажлаа тайлагнасан. Яамныхан олон улсын Гран При шагнал анх удаа авч байгаа учраас дүйцүүлээд ч гэсэн мөнгөн урамшуулал олгоно гэсэн. Тэгээд хэрхэн яаж дүйцүүлэн, шагнах вэ гээд судлахад хамгийн өндөр шагналтай уралдаан байсан байна. Бүр “ЮНЕСКО-гоос жил бүр зохиогддог Олон улсын моно жүжгийн уралдаанд Гран При хүртвэл” гээд заачихаж. Зургаан жилийн өмнө батлагдсан ийм журмыг хаашаа ч явдаггүй болохоор мэддэггүй өдий хүрчээ.
Ингээд 65 сая төгрөг авна гээд баярлаад сууж байна даа, эгч нь.

- Гурван хүн 20 кг ачаа үүрээд эх орныхоо нэрийг гаргаж болдог юм байна гэж та хэлсэн. Ямар бүрэлдэхүүнээр ажиллав?
-Тайзны зургийг театрын үйлдвэрийн хэлтсийн дарга н.Батбилэг гаргасан. Хөгжмийн хүн Солонгос явсан учраас менежер н.Нямсүрэн оронд нь явсан. Гурвуулаа замын зардлаа хүнээс зээлээд гарч өгсөн дөө. Хүнд хэцүү байсныг нуугаад яахав. Энэ шагналыг тийм ч амархан аваагүй. Төгөлдөр хуурч хөлслөх гэтэл 200 евро гэсэн. Бидэнд тийм мөнгө байгаагүй. Хөгжимгүй, монгол хэлээрээ тоглосон болохоор жүжигчний ур чадвар бүхнийг харуулсан. Тоглолтын өдөр бэлтгэл хийх гэтэл тог нь тасраад их хөгтэй. Ер нь Монголын драмын урлаг гадагшаа гарахад маш хүнд. Бүжиг, дуу, хөгжим бол өөрийн хэв шинжтэй шүү дээ. Энэ утгаараа монгол жүжигчдийн ур чадвар олон улсад хаана явна вэ гэдэгт том үнэлэмж өгсөн хэрэг. Жүжгийг анх надад санал болгосон Драмын мэргэжлийн төв, Олон улсын театрын институтын захирал АЖ С.Сарантуяа эгчдээ баярлалаа. Миний залуу нас, хийх бүтээх оргилуун үе энд юу ч хийгээгүй мэт өнгөрсөн. Тэр болгон амжилттай байгаагүй. 2006 оноос хойш надад гол дүрийг өгч эхэлсэн. Гэхдээ жижигхэн жижигхэн дүрүүдийг бүтээсэн тэр он жил бол ахмадууд бусад жүжигчдээсээ суралцах, боловсрох ёстой тийм үе байж, одоо бодоход. Бүтэн цаг гаруй тайзан дээр ганцаараа бүхий л үйл явдлыг гаргана гэдэг бол үнэхээр жүжигчний авьяас чадварыг шавхдаг. Ийм туршлагыг олон улсын шүүгчид үнэлэх хүртэлх хэмжээнд суулгаж өгсөн театрын хамт олондоо маш их баярлаж байна. Энэ бол театрын урлагийн төлөө бидний хамтдаа зүтгэсний гавьяа юм. Театрын урлагтаа хоёргүй сэтгэлээр хорин жил зүтгэсэн хишгээ ингэж хүртлээ. Б.Баатар найруулагчдаа баярлалаа.
- Та моно жүжгийг хэдийнээс хэрхэн бүтээж эхлэв?
-“Би Эдит Пиаф байна" жүжгийг надад өгснөөс хойш хоёр жил өнгөрчээ. Эхлээд жүжгээрээ “Гэгээн муза” наадмаас Гран При шагнал авсан. Энэ үеэр яамныхан үзээд хоёр дахь жүжгээ тавих боломж олгосон нь Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” зохиол байсан. Соёл урлагийг хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн төсөв гаргаж өгсөн. Энэ бол монгол ардын урлаг, зан заншил, ёс уламжлалыг тод томруун харуулсан гадаадынхан үзэхэд ихийг ойлгуулж мэдүүлж чадах онцлогтой бүтээл болсон.
-Моно жүжгийн онцлогийн тухайд?
- Зөвхөн ганцхан уран бүтээлч өөрийнхөө чадвар чансааг шавхаж үзэгчдийг уйдаахгүйгээр бүхнийг харуулна, ойлгуулна. Олон улсад энэ төрөл өндөр түвшинд хөгжсөн. Манайд Д.Сосорбарам ах нэг хүний театр байгуулсан, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан “Гамлет”-ийг ганц хүний радио жүжиг болгон тавьсан түүхтэй. Тайзан дээр амьд тоглох нь миний энэ жүжгээр эхэлсэн юм. Манайхан моно жүжгийг нэг л сайн ойлгохгүй байгаа. Нөгөө талаас тэр бүр юманд оролцоод байдаггүй болохоор үнэнийг хэлэхэд хүмүүс намайг сайн таньдаггүй. Би зөвхөн тайзан дээр тоглодог. Жүжиг үздэг хүмүүс намайг мэднэ. Залуу байхад найруулагч нар тэр бүр роль өгдөггүй, өөрт чадвар болоод хүсэл тэмүүлэл оволзоод л өнгөрсөн дөө. Миний 20 жилийн хүсэл тэмүүлэл шуналыг моно жүжгээс харж болно. Моно жүжиг яг над шиг ийм хүмүүст маш тохиромжтой жанр. Германы 70 настай жүжигчин ирээд эрэгтэй шилдэг гэсэн шагналыг аваад явлаа. Тэгэхээр үүнийг хэн ч хийх боломжтой юм. Цаашдаа Монголдоо моно жүжгийн төрлийг хөгжүүлэх талаар хичээн ажиллах зорилготой. ЮНЕСКО-гийн шүүгчид хэрвээ зөвшөөрвөл Монголд моно жүжгийн фестивалийг зохион байгуулъя гээд 2015 оны 10 дугаар сард дэлхийн таван орны таван шилдэг жүжигчин ирнэ. Сургалт семинар явуулна. Манайхаас гурван жүжигчин төлөөлөн тоглоно. Ирэх оны гуравдугаар сард Германы фестивальд оролцох урилга авсан. Тэрнээс гадна хоёр ч урилга хүлээн авлаа. Жүжгээ манайд ирж тоглооч гэж Киргиз, Молдав улс урьсан. Монголын жүжигчин Ц.Баясгалан гээд миний нэр олон улсад яваа л юм байна. Монголд хүн танихгүй ч гэсэн. /инээв/
-Моно жүжиг жүжиглэхээс өөр авьяас, чадварыг шавхдаг, сорьдог. Тийм үү?
-Өөрт байгаа боломж бүрийг шавхдаг. Намайг шүүгчид эхлээд бараг л “тохуурхаж” байсан. Тэд бүгд энэ зохиолыг мэддэг юм байна. Монголоос “Пиабыг” тоглоно гэнэ ээ гээд инээлдэхэд айх, эмээх зэрэгцсэн. Тэгээд за яахав, нэгэнт зориод ирсэн юм чинь гээд л сэтгэл шулуудсан. Жүжигчин хүнийг гэрэл дагадаг бол би өөрөө гэрэл дагаж тоглосон. Шүүгчид бэлтгэлээ сайн хийж амжаагүй, хөгжимгүй, гэрэл ийм нөхцөлд ганцаараа гараад юу хийх вэ гэдгийг шалгасан. Бүгд л өөрийгөө эндээс яаж авч гарах нь вэ гэсэн байдлаар харж байсан. Надад 20 жилийн туршлага байна ш тээ. Хар багаасаа дүр бүрт сэтгэлээ шингээж ажилласны минь шагнал надад ирсэн.

-Таны ажлын хэд дэх жил вэ?
-Хорь дахь жил. Ийшээ тийшээ урвасангүй, хошин шог руу гүйчихсэнгүй.
- Та маш олон жил нам гүмхэн байсаар ирсэн. Хувь хүний мөн чанар байв уу, эсвэл...?
- Хувь хүний төлөвшил, зан чанар, гэрийн хүмүүжил нөлөөлсөн. Би ахмад хүний үгийг дагаж сонсож амьдарсаар ирсэн. Миний багш АЖ Т.Гантөмөр есөн шидийн реклам сурталчилгаа янз бүрийн юманд тоглов. Болохгүй шүү. Чи бол ерөөсөө л драмын театрын тайзан дээр амьдрах ёстой хүн гэж ойлгуулсан.
Х.Уртнасан багш маань “Чи Сувдаагийн хэмжээнд хүрч тоглох ёстой хүн шүү” гэж хэлж байсан, дипломоо авч байхад. Тэр үед багш юу ярьж байна, би хэзээ Сувдаа багш шиг болох вэ дээ гээд гайхаж байлаа. Харин Мөнхөө багш маань болохоор чи Монголын театрын урлагт Т.Цэвээнжав гуайн залгамж халаа болно гэсэн.
Гэтэл би нэг жижигхэн жижигхэн дүрд л тоглоно. Тэгээд яагаад надад дүр өгдөггүй юм бэ гэж их шанална аа. Гэхдээ л багшийнхаа үгэнд орсон, наашаа цаашаа явчихаагүй. Шалдар булдар юм юманд оролцоод, өнөөх л Баясаа нэр зүүчихсэнгүй. Харин энэ хугацаанд өөрийн хэмжээнд боловсорч туршлагажиж байлаа.
-“Ану хатан” жүжиг таныг олонд таниулсан шүү дээ?
- Надад Ану хатнаар гарч ирнэ гэсэн төлөвлөгөө байсан. Жүжгийг үзсэн хүмүүс намайг Ану хатан гэдэг. Кинонд нь тоглох хүсэл байсан ч миний төлөвлөгөө хэрчигдсэн. Гэсэн ч уйгагүй хөдөлмөрлөсний минь үр шимд бурхан намайг ивээсэн. Хамгийн инээдтэй нь сая тайлангаа тавьсны дараа багш ярьж байна. Ер нь багш тоглолт үзээд дандаа санаа оноогоо хэлдэг. Шөнө ч хамаагүй залгана. Сая “Одоо миний хүү дуртай юмандаа тоглож болно шүү” гэнэ ээ. Хорин жилийн дараа дөчин насыг давсан хойно шүү. Багшийгаа бодохоор хайр хүрээд 20 жил намайг ажигласан байна л даа.
- Дандаа л нэг туслах дүрд явж байхаар больё өөр юм хийе гэсэн шантрах үе байв уу, танд?
- Байсаан, байсан. Гэхдээ багш нар намайг чи мундаг, чи тэгнэ, ингэнэ гээд байхаар ард нэг юм чангаагаад л. Хичээл зүтгэл байгаад байдаг юм билээ. Тэр ч утгаараа би ямар ч дүрийг чармайж өөрийгөө шавхан бүтээж ирсэн. Тайлан тоглолтын дараа хүмүүс нэг харахад эмгэн, лам хүү эсвэл янхан болчихсон байх юм. Ямар аймаар хувирдаг юм бэ гэсэн. Энэ чинь л жүжигчин хүний гавьяа. Маш олон гол дүр бүтээсэн ч тэр нь хоорондоо яг адилхан цэнхэр дүрүүд байдаг байхгүй юу.
-Тэсэрч оргилж гарч ирсэн үеэ дурсаач?
-Ер нь өөртөө итгэх итгэлийг 2004 онд олж авсан. “Саран хөхөө” жүжгийн лам хүүгийн дүрээр өөрийгөө маш их өөрчилсөн, эвдсэн. Манайхан ч их гайхсан. Дараа жил нь А.Чеховын фестиваль боллоо. Эндээс маш өндөр шагнал авсан. “Баавгай” жүжгийг Хятадын жүжигчинтэй хамтарч тоглосон юм. Хятадын эрэгтэй жүжигчин ганцаараа ирсэн учраас хамтарч тоглох эмэгтэй жүжигчин хайгаад хэд хэдэн хүнд хэлэхэд нь татгалзсан байдаг. Тэгээд шөнө над руу 01 цагт залгаад хүрээд ир гэлээ. Яараад ирсэн чинь хятад жүжигчинтэй тогло гэсэн. Хүүгээ хүргэж өгнө ийм тийм ажилтай гээд шалтаг заасан чинь Тунгаа эгч тэр ажлыг чинь би даая гээд гарцаагүй байдалд орсон. Өнөөх маань Хятадаар, би Монголоор их л дурамжхан нэлээд бэлдлээ. Энэ дүрийг зритель янзын гоё хүлээж авсан. Үзэгчид инээлдээд л, алгаа ташаад л. Мөнхдорж багш миний охин мундаг, чи ёстой мундаг гээд бүүр хөөрчихсөн байж билээ. Үүнээс хойш “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр, “Хайрын виз”-ийн Ану, "Шар тэнгисийн тарчлаан” гээд л эхэлсэн дээ. “Эхнэрээ зээлээч” жүжгийн Жавзангийн дүрд тоглосны дараа Баатар найруулагч “Баясгалаан чиний шүүсийг шахах цаг болжээ, чи одоо бүтэн том жүжгийн гол дүрийг нуруундаа үүрч чадна. Чам дээр нэг жүжиг хийж үзмээр байна, миний хорхой хүрээд байна, чамд амлалаа шүү” гэсэн. Найруулагч хүнээс ийм үг сонсоно гэдэг бол асар том шагнал. Тэгээд ямар зохиол байх бол гээд бодож бодож “Ану хатан” жүжиг дээр тогтсон. Тэрний дараа “Солиотой жүжиг”-ийн дүрээр Муза авсан. Энэ үеэс Баясаа аль ч төрлөөр хамтарч ажиллахад бэлэн болсон жүжигчин гэдгийг найруулагч нарт ойлгуулж чадсан.
.jpg)
-Гурав дахь моно жүжгийн санал ирсэн үү?
-Гурван ч жүжгийн санал ирчихээд байна. Гэхдээ одоохондоо шинэ бүтээлд орж ажиллах бодол алга. Эхлээд хоёр жүжгээ олон түмэнд хүргэе, моно жүжгийг сурталчлах бодол байна. Билет аваад үзсэн хүмүүс моно жүжиг гэдэг ямар гайхалтай гоё төрөл болохыг ойлгодог. Тэгэхээр жүжгээ сурталчлах, хүмүүст хүргэх ажил их байна.
-Өнгөрсөн жилүүдэд таны сэтгэлдээ нууцхан бүтээж явсан мөрөөдлийн дүр гэвэл?
-Түүхэн хатны дүрд тоглохсон гэж мөрөөддөг байлаа, биелсэн. Мюзиклт тоглох мөрөөдлийг минь хоёр моно жүжиг биелүүлсэн. Бас нэг аугаа хүсэл минь энэ намар биелнэ. Долоон найруулагчийн долоон жүжиг төсөлд орсон Италийн жүжигчин, найруулагч Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжигт хамтлагтайгаа амьдаар дуулдаг. Ингэх нь миний мөрөөдөл байсан юм. Одоо бас зөндөө мөрөөдөл бий. Намайг нэг их олон хүн таньдаггүй ш дээ. Гэхдээ би үүнд гомдож, харамсдаггүй. Нэг л өдөр хүмүүс бүгд намайг таньдаг болно. Нэгэнт ингэж олон жил зүтгэснийх драмын жүжгээрээ л хүмүүст танигдана, уран сайхны кино ч юм уу, гутлын тос рекламдаж олонд танигдах хүсэлгүй.
-Та тэгэхээр уран сайхны кинонд, рекламанд тоглодог драмын жүжигчдийг эсэргүүцдэг гэсэн үг үү?
-Үгүй үгүй. Тэгж болохгүй ш тээ. Тэд нар чинь өөрийн гэсэн бодол мөрөөдөлтэй. Бидний амьдрал ямар билээ, цалин хэд билээ. Би бол зүгээр л багшийнхаа үгнээс гарч чаддаггүй юм. Багш өөрөө гутлын тосны рекламд тоглосон мөртлөө намайг элдэв янзын юманд тоглохгүй шүү гэдэг хүн дээ. /инээв/
-Та их олон мундаг хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж өдий хүрчээ. Энэ бүхний дундаас өөрийнхөө онцлогийг хэрхэн мэдрэв?
-Миний онцлог гэвэл дуутай, бүжигтэй гээд бүх төрлийн жүжигт орж чаддаг. Олон жил гол дүр авч чадалгүй дарагдаж байсны хувьд надад бусдаас илүү хүсэл, тэмүүлэл байсан. Олон жилийн мөрөөдөл, хичээнгүй зүтгэл байдаг болохоор тэр дүрийг дүр болгохын тулд их судалгаа хийдэг, ажилладаг. Багш маань жүжигчин хүн яг өөрөөрөө таван бүтээлд л тоглодог. Үүнээс цаашаа тийм дүр бүтээж болдоггүй юм гэж хэлдэг байсан. Манайд дүр дээрээ ажилладаг сайн жүжигчид байна, ажиллахгүй зүгээр цээжлээд гардаг хүмүүс ч бас бий.

-Үгүй ээ, үгүй. Ямар юмны бодлого байх вэ. Та нар бод л доо, намайг төгсөж ирэх үед театр жилд ганцхан жүжиг тавьдаг. Дээрээс нь ганцхан үндэсний телевиз л байсан. Одоогийнхтой ижил клип, реклам гэж юм байсангүй. Тэгээд л театртаа нэг жижигхэн дүрд тоглоод байхаар хэн ч намайг харахгүй нь ойлгомжтой, массын дүрд гарахаар хэн ч намайг танихгүй нь тодорхой. Одоотой ижил ийм олон тэмцээнүүд, өөрийгөө таниулж гарч ирэх олон шоу энэ тэр байсангүй. Гэхдээ миний үеийнхэн ихэнх нь өөрсдөө бор зүрхээрээ продакшн байгуулаад хошин шогоор гараад ирсэн.
-Таны үеийнхэн гэхээр хэн, хэн байх вэ?
-Эрдэнэзаан, Амбий, Бооёо, Аглуу, Дооёо гээд л. Театраас бол Отгонбат бид хоёр л байна. Манай Отгоо маш авьяастай, мундаг жүжигчин. Гэтэл хүмүүс бас л таньдаггүй. Харин бидний дараагийн үе бол Пара, Боогий энэ тэр байна.
-Та аль нэг жүжгийн дүрд тоглох гэж мөрөөдөж, шунаж, гуйж байв уу?
-Залуудаа хайр дурлалын гоё дүрүүдэд тоглохсон гэж их хүснэ ээ. Одоо тэр дүрүүд надад хангалттай олон байна. Залуудаа мөрөөдсөн дүрүүддээ одоо тоглож байна. Заримдаа үзэгчид 40 гарчихсан миний оронд гоё залуухан охид тоглоосой гэж боддог байгаа вий гэхээс санаа зовдог юм. Харин найруулагч нар зүгээрээ Баясаа болж байна гэдэг.
-Та хувь хүн талаасаа өөрийгөө нээгээч?
-Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Аав Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, шугам зургийн багш хүн байсан. Ээж маань орос хэлний багш мэргэжилтэй. Би сэхээтний гэр бүлээс гаралтай, сурган хүмүүжүүлэгчдийн сургаалаар өсөж, хүмүүжсэн. Сухомлинскийн сургаалыг насаараа л сонсож яваа хүн. Одоо ч гэсэн ээж маань намайг шөнө зурганд яваад ирэхэд загнана шүү дээ. Би тийм л үзлээр хүмүүжсэн учраас өөрийгөө хэзээ ч рекламдаж чадахгүй юм билээ. Надаас тийм зан гарахгүй.
-Ээжээсээ хэдүүлээ вэ?
-Долуулаа. Одоо ээж, хүү, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Хүү маань ШУТИС-ийн барилгын инженерийн ангид сурдаг. Эмээгийн хүмүүжлээр өсч байгаа сайн хүү бий. Арын ажил, амьдралаа ээждээ даатгачихсан. Надад бас нэг том мөрөөдөл бий. Сайхан гэр бүлтэй болж дахиад хүүхэд гаргах. Заримдаа хэрвээ нөхөртэй байсан бол нөхрөө хардах, хувцсыг нь угааж, хоолыг нь хийх цаг надад хэрэгтэй болно. Тэгэхээр нөхөргүй явж байгаад овоо юм хийчихлээ гэж боддог.

-Та эрчүүдтэй нөгөө л хүмүүжлээрээ харьцдаг уу?
-Тэгнэ ш тээ. Дээрээ хоёр ахтай болоод ч тэр үү их эршүүд зантай. Заримдаа эмэгтэй хүмүүсийг харахаар их гоё, сууж байгаа нь хүртэл цаанаа л нэг донжтой. Харин би нэг л биш ээ. Гэхдээ намайг эмэгтэйлэгээр хардаг хүмүүс байдаг байлгүй дээ. /инээв/
-Эрчүүдээс санал ирж байна уу?
-Нээх сүртэй санал ирдэггүй ээ. Ирлээ ч хүлээж авах зав бараг гарахгүй юм даа. Бидний өссөн орчин, нийгмийн нөлөө ийм. Бидний үеийн эмэгтэйчүүдэд монгол эмэгтэйн цэвэр ичимтгий зан чанар илүүтэй байдаг юм болов уу. Хүн таалагдсан ч тэрийгээ хэлж чадахгүй. Харин ч таалагдаагүй юм шиг царай гаргаж холуур тойроод явна шүү дээ. Одоо ч тэр зан хэвээрээ.
-Ийм зантайдаа харамссан тохиолдол олон уу?
-Байгаа. Ядаж л сэтгэлээ илчилсэн бол гэж бодсон тохиолдол хэд хэд бий. Одоо хүртэл тэрийг минь мэдэхгүй явж байгаа хүмүүс ч байна. Одооны охид аягүй чөлөөтэй, өөрийгөө ойлгуулчихна.
-Гэхдээ одоо бол энэ зангаа хаяна биз дээ?
-Яаж хаях юм бэ. Хаяж чаддаггүйдээ өдийд ганцаараа явж байна шүү дээ.
-Ер нь ямар зан чанартай эрэгтэй таны зүрх сэтгэлийг бусниулж чадах вэ?
-Эрэгтэй хүн сармагчингаас л ялгагдаж байвал болно гэдэг биз дээ. Хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэлийг ойлгодог байх хэрэгтэй. Энэ ойлголт нь хайр, халамж, хүндлэлээр нь илэрнэ шүү дээ. Тийм л хүнд бол урсаад л явчих байх. /инээв/
- Танд хайр сэтгэлтэй хэрнээ ажлыг тань ойлгохгүй шалтгаанаар холдож байсан хүн бий юу?
-Байхгүй ээ. Би ер нь нэг их тийм холбоо харьцаа тогтоож яваагүй. Хүүгийнхээ ааваас өөр ямар ч хүнтэй сууя гэж бодож байсангүй. Надад ч тийм санал тавьсан хүн ирж байсангүй.
-Олон эмэгтэй хүнтэй газар атаа жөтөө хэл ам их байдаг. Энэ бүхэнд та яаж ханддаг вэ?
-Би хүнтэй хэрэлдэж ёстой чаддаггүй. Зарим хүүхнүүд нүд нь гялалзаад, үг энэ тэр бэлэн, заримдаа атаархмаар санагддаг. Надад бол бараг барьцалдаад авсан нь дээр байх. Ер нь “Ану хатан” жүжиг тавих үеэр их хэл ам гарсан. Баясгалан муу тоглосон энэ тэр гээд л. Энэ жүжиг бүх хүний амбицийг хөдөлгөсөн байхгүй юу. Тэр үед Баатар найруулагч “Чи сайн байсан учраас хэл ам гарч байна. Нэг ч үг дуугарах хэрэггүй” гэсэн. Тэгээд тэр бүх хэл амыг ганц ч үг хэлэлгүй өнгөрөөсөн. Одоо бол магтаал, шүүмжлэл, хэрүүл маргааныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурч байна даа.
-Та дотны найз хэр олонтой вэ?
-Олон, олон. Арван жилийн, оюутан цагийн, ажлын гээд л. Театрт бол өрөөнийхөө хэдтэй их дотно. Хулан, Болормаа эгч, Отгонцэцэг, Ганцэцэг, Оюундарь гээд л.
-Дотны эрэгтэй найзууд гэвэл?
-Эрэгтэй найзууд зөндөө. Арван жилийн ангийн хоёр найз бий. Машин эвдрээд зогсоход давхиад л ирнэ шүү дээ, тэр хоёр маань. Театрт ч гэсэн Цэрэнболд, Эрдэнэбилэг, Отгонбат гээд найзууд олон.
-65 сая төгрөгөө юунд зарцуулахаар төлөвлөж байна?
-Аваагүй байж л юунд зарцуулахаа бодоод эхэлчихсэн. /инээв/ Би чинь одоо хүртэл ээжийнхээ гэрт байгаа. Тэгэхээр мөнгөө шууд л байранд зориулна гэж төлөвлөсөн.
-Тэмцээнд явахдаа тавьсан өрөө дарж амжсан уу?
-Амжаагүй ээ. Тэр өрийг тоглолтын орлогоор дарна гэж бодож байгаа. Бүүр болохгүй бол авах мөнгөнөөсөө өгнө дөө.
-Та хүүгийнхээ аавтай холбоотой байдаг уу?
-Ямар ч холбоогүй. Тэр хүн хаана, яаж амьдарч явдгийг ч мэдэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Баясгалан: Хоёргүй сэтгэлээр хорин жил зүтгэсний хишгээ хүртлээ | ||
Үзсэн: 15534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.