Шууд Chart

Э.Батсайхан: Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн цаг үеэ олсон ажил юм

2023-01-30 13:07:16

-"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар "Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа-

Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөгийн бор толгойд байрлаж буй "Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуй нь стандартын шаардлага хангасан зориулалтын орчин нөхцөлд цэвэр үүлдрийн гахайг өсгөн үржүүлж, ангилал, насны онцлогт тохируулан энерги, уураг, эрдэс бодисоор балансжуулсан бүрэн найрлагат тэжээлээр технологи горимын дагуу тэжээж, лаборатори, сорил шинжилгээнд хамрагдсан, эрүүл чанартай гахайн мах зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

Хүчин чадлын хувьд жилд 50-80 толгой үндсэн сүрэг эргэлтэд оруулж, 500-900 гахай нэг дор байрлаж, 1000 толгой гахай буюу 70 тонн гахайн мах үйлдвэрлэх хүчин чадалтай. Мэгж нь нэг удаа төрөхдөө 8-15 торой гаргадаг бөгөөд жилд байрны технологид тулгуурлан 2-3 удаа төллөх юм. Өнөөдрийн байдлаар тус аж ахуйд 10 гаруй ажилтан, 900 орчим гахай байгаа бөгөөд цаашид 10 мянган гахайтай болохоор ажиллаж байна.

Дэд сайд М.Ганхүлэг: Монгол Улс жилд 4.4 тонн гахайн мах, өөхийг импортоор авдаг бол дотооддоо 1 мянган тонн гахайн мах, өөх үйлдвэрлэж байна. Цаашид энэ салбарт олон улсын стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр мэгж, бодон импортлох, гахайн үржлийн аж ахуйн нэгж байгуулах, бүс нутагт төрөлжсөн гахайн фермерийн аж ахуй байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, гахайн тэжээлийн үйлдвэр байгуулах гэх мэт бодлогын дэмжлэг шаардлагатай байна.

"Эко порк" эрчимжсэн гахайн аж ахуйн фермийн Гүйцэтгэх захирал Э.Батсайхан: Манай аж ахуй 10 мянган гахайтай болох зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Гахайны байрууд бүгд зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдож, тэжээл хагас автомат, усалгаа нь нэгдсэн шугамаар, тасалгааны хэм, агааржуулалт сэнсний ажиллагаа нь компьютерын хяналтаар зохицуулагддаг. Хүмүүс гахайн аж ахуй гэхээр бохир орчинтой, хоолны үлдэгдлээр тэжээдэг гэх мэт ойлголттой байдаг. Харин манай ферм зориулалтын тэжээлээр бордож, эрүүл ахуй, чанар стандартад нь маш сайн анхаардаг. Мөн генетикийг нь сайжруулах зорилгоор Солонгос улсаас үр тээвэрлэж ирэн, туршилт хийж байгаа бөгөөд сүүлийн туршилт хийсэн 10 гахайны 6 нь амжилттай төл авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан нь маш цаг үеэ олсон гэж бодож байна. Мөн манай гахайн аж ахуйд ирж, бодит нөхцөл байдалтай танилцаж байгаад талархаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Э.Батсайхан: Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн цаг үеэ олсон ажил юм   
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй