Шууд Chart

“Ханжоу-2022” багийн ахлагч нар спортын барилга байгууламжуудтай танилцлаа

2023-04-27 08:22:20

Азийн наадмын багийн ахлагч нарын хурал Ханжоу хотноо үргэлжилж байна. Хурлын хоёр дахь өдөр төлөөлөгчид Азийн наадмын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ.

Энэ өдөр төлөөлөгчид Азийн наадмын шинэ музей, нээлт, хаалтын ёслол болох төв цэнгэлдэх хүрээлэн, теннисний төв, усан спортын цогцолбор, тамирчдын тосгоныг үзэж сонирхов.

Сансрын хэв маяг бүхий дизайнтай цэнгэлдэх, 6000 үзэгчийн суудалтай усан спортын шинэхэн цогцолбор болон тэмцээний талбай, суудлын зохион байгуулалт зэрэг нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг оролцогчид хэлж байв.

Тамирчдын тосгонд 10400 тамирчин, албан хүмүүс байрлах бөгөөд энд 4200 хүний багтаамжтай хоолны танхим, спортын мэдээллийн төв, фитнес төв, биеийн тамирын заал, усан сан гээд тамирчдад хэрэгтэй бүхэн бий.

Нээлт, хаалтын ёслол болох төв цэнгэлдэх хүрээлэн 80800 үзэгчийн багтаамжтай бөгөөд тамирчдын тосгоноос 4.1 км зайд байрладаг.

Эдгээр бүтээн байгуулалттай танилцсан төлөөлөгчид Ханжоу хот ирээдүйд зуны олимпын наадам хүлээн авахад хэдийн бэлэн болсныг онцолж байв.

Багийн ахлагч нарын хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ханжоу Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар болон МҮОХ-ны спорт холбоод хариуцсан мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр нар оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ханжоу-2022” багийн ахлагч нар спортын барилга байгууламжуудтай танилцлаа  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй