Шууд Chart

“Алтан өв” бий биелгээний наадам дөрөв дэх удаагаа боллоо

2023-04-28 16:36:19

“Алтан өв” бий биелгээний наадам өчигдөр Ховд аймагт болж, нэрт бийч, бүжиг дэглээч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит болгон дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.

Бий биелгээний наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас гэсэн ангиллын дагуу өрнөж, давхардсан тоогоор 700 гаруй хүүхэд гоцлол болон хамтлаг төрөлд авьяас ур чадвараа сорин өрсөлдлөө.

“Алтан өв” наадам нь Монгол үндэстний уламжилж ирсэн язгуур бий биелгээг гарган ирэх, сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн хүүхдэд урлагт багаасаа дуртай болох, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, урлагийн мэдрэмжтэй болох, бүжгийн урлагийн өв хийгээд соёлд суралцах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой.

Тус наадам нь 2015, 2017, 2019 онд бий биелгээ Б.Дугараа гуайн дэглэн найруулсан бүжгүүдээр өрнөж байсан. Тэгвэл энэ жил оролцогчид өөрийн сонирхлын дагуу үзүүлбэрээ толилуулсан байна. "Алтан өв" бий биелгээний наадмын шүүгчээр дөрвөн хүн ажилласан. Үүний нэг бол нэрт бийч, бүжиг дэглээч Б.Дугараа агсны хүү Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг юм.  

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүжиг анги нь одоогоор 11 гишүүнтэй. Тус бүжиг анги анх 2015 онд Б.Дугараагийн нэрэмжит болсноос хойш түүний дэглэлт бүжгүүдийг түлхүү үзэгчдийн хүртээл болгож иржээ.

Б.Дугараа нь 1937 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

Бага насандаа торгуудын агсал, эрээн хавирга, цацал гэдэг бүжгийг биелж байсан бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр орсноос хойш 32 жил бүжиглэж, бас бүжиг дэглэжээ, Өөрөө биелж, бүжиглэхээс гадна хамгийн олон буюу 100 гаруй бүжиг дэглэсэн аж.

Түүний дэглэсэн “Зандан товшилт” бүжиг МҮОНРТ-ээс зохион байгуулсан уралдааны тэргүүн байр эзэлсэн байдаг. Энэхүү бүжиг Алтайн хязгаараас Дорнодын тал хүртэл тархан Б.Дугараагийн “Зандан товшилт” гэж алдарших болжээ.

Б.Дугараа агсны бүжгийн тавил нь Баруун Монголчуудын намба, ард түмний аж амьдрал, хөдөлмөрийн үйлийг бүжгээр тодорхой илэрхийлэн харуулсан гэдгээрээ онцлогтой.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан өв” бий биелгээний наадам дөрөв дэх удаагаа боллоо  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй