Шууд Chart

Кирибаяама Б.Лхагвасүрэн: Би ялалтын амжилттай, хоёр оронтой даваа авахыг хүсэж байна

2023-05-03 08:53:53

Японы сүмогийн холбоо энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд болох Нацү башёгийн банзүкэг гаргажээ. Өнгөрсөн Харү башёгийн түрүү бөх Кирибаяама Б.Лхагвасүрэн ирэх башёд озэки цол горилж барилдана. Харин озэки асан Асанояама маэгаширагийн 14 дүгээрт эрэмблэгдэж, зургаан башёгийн дараа дээд зиндаандаа эргэн ирлээ. Түүний хувьд 2021 оны зургадугаар сард цар тахлын дэглэм зөрчиж, хатуу шийтгэл амссан билээ.

Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ оны эхний башёгоос 11 даваа, гуравдугаар сарын башёгоос 12 даваа тус тус аваад буй. Хэрэв тэрбээр Нацү башёгоос арван даваа авч чадвал озэки цолны болзлоо бүрэн хангаж, гурван башёгоос нийт 33 даваа авна.

Энэ талаараа 27 настай тэрбээр ярихдаа “Одоо л боломж. Миний сүүлийн боломж мэт бодож озэки цолны төлөө зүтгэнэ. Би ялалтын амжилттай, хоёр оронтой даваа авахыг хүсэж байна” гэжээ.

Нөгөө талд санданмэ зиндаа хүртэл унаж, цолоо алдсан Асанояама хүчтэй эргэн ирэхийг хүсэж байгаа аж. Ёкозүна цолонд ойрхон гэгдэж байсан тэрбээр хариуцлагагүй байдлаасаа болж, олон түмний хайр хүндэтгэлийг алдаж, бараг л сүмогийн ертөнцөөс "явах" дөхсөн. Гэхдээ л 29 насандаа эргэн ирж чадлаа. Асанояама ярихдаа “Хэдийгээр ёс бус авир гаргасан ч түмэн олноос дэмжлэг авч байсан. Одоо үүнээсээ хүч авмаар байна” гэв.

Мөн 29 настай Вакамотохарү сэкивакэ цолтой анх удаагаа зодоглох гэж байна. Түүний адилаар Дайэйшо, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн нар сэкивакэ цолтой барилдана. Вакамотохарүгийн том ах Ваканохана өвдөгний бэртлийн улмаас хангалттай барилдаж чадалгүй цол буурч, комүсүби болжээ. Сүмогийн түүхэнд дөрвөн л ах дүү сэкивакэ цол хүртэж байв. Тэднээс өмнө Таканохана болон түүний ах Ваканохана нар сэкивакэ цолтой байсан бөгөөд тэд хоёулаа эцэст нь ёкозүна цол хүртсэн амжилттай.

Мэдээж сүүлийн дөрвөн башё дараалан бүтэн барилдаагүй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээ эдгээн ирэх башёд зодоглоно. Мөн озэки цолтой ганц сүмоч болоод буй Такакэйшо цолоо алдахгүйн төлөө найм давах хэрэгтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кирибаяама Б.Лхагвасүрэн: Би ялалтын амжилттай, хоёр оронтой даваа авахыг хүсэж байна  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй