Шууд Chart

Наадмын нээлт, хаалтыг найруулах Б.Анар нь Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны зээнцэр юм

2023-05-05 12:44:07

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр юм.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй.

Соёлын яамнаас энэ талаар тодруулахад "Улсын их баяр наадмын концерт, тоглолтын арга хэмжээг шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулж, тэдэнд зөвлөгөө зөвлөмжийг өгч, цаашид залуу найруулагчдаа дэмжин ажиллах бодлоготойгоор ажиллаж байна. Хуучин шиг найруулагч Н.Наранбаатар найруулагч багаа бүрдүүлж ажиллана гэхгүйгээр залуу найруулагчид зөвлөнө, тусална. “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчдийн хувьд мундаг зөвлөх багаа авч ажилласан байна лээ. Сайн ч төсөл оруулж ирсэн. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хоёр найруулагчийн төсөл, таван зохиол ирсэн. Залуу найруулагч Б.Анараас гадна Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар сонгон шалгаруулалтад орох санал ирүүлсэн. Уран бүтээлчдээс сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гээд хугацааг нь хойшлуулах боломжгүй. Ирсэн цөөн төсөл, зохиолоос маш сайн санал ирсэн. Одоо салбар хороогоор хуралдаж, албан ёсны мэдээллийг өгнө" гэв.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд "Залуу уран бүтээлчид Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах цаг болсон. Ачаа үүрэх цаг нь ирсэн. Залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан.

Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүйгээр наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт болсон билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Наадмын нээлт, хаалтыг найруулах Б.Анар нь Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны зээнцэр юм   
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй