Шууд Chart

Т.Дэлгэрмөрөн: Би үхээд боссон хүн шүү дээ

2023-05-08 10:05:18

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс “Хурц зантай” хэмээн муулах нэгэн байхад зарим нь “Өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай уран бүтээлч” гэж хүндэтгэдэг. Энэ хоёр бодлыг тээж яваа уншигч танд болон хэн гэдгийг нь мэдэж амжаагүй хэнбугайд зориулж дараах ярилцлагыг хүргэе. Утсаар ярьж ярилцлага хийх хүсэлтээ хэлэхэд “Энхтайвны гүүрний хажуухан талд байрладаг биллъярдны газар байна. Энэ хүрээд ир” гэсэн юм.

-Биллъярд тоглох таны бас нэг хобби юу?

-Тийм. Багаасаа энэ спортыг сонирхох болсон. Биллъярд тоглодог хүн нямбай, цэгцтэй болдог. Мөн эрүүл мэндэд ч тустай. Цаг тоглоход гурван километр явсантай тэнцдэг гэдэг шүү дээ. Энэ бүхнийг бодоод тоглодог юм. Ихэвчлэн снукер биллъярд тоглодог л доо.

-Юмыг урьдчилан мэдэх боломжгүй. Ялангуяа танай хамтлаг шиг 26 дахь жилтэйгээ золгож байгаа цаг хугацааг. Та нар анх хамтлагаа байгуулчихаад юунаас эрч хүч авдаг байсан бэ. Менежментээ яаж гаргадаг байсан юм бэ?

-Би яг үнэндээ үүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байна. 26 жил дуулсан ч би дуучин болоогүй. Одоо л болох гэж байна. Жинхэнэ дуучинг рок попуудаасаа нэрлэвэл гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран “Харанга”-ийн Х.Лхагвасүрэн. Тэдний дуулсан зам олон жилийн түүхтэй. Би араас нь хөөж байна. Тэгж хөөхдөө алдсан болгоноос нь зөрж, ашигтай гэснийг нь өөртөө нааж явна. Гэхдээ миний толгойд нэг бодол байгаа.

-Ямар?

-Аливаа зүйлийг төлөвлөж хийх хэрэгтэй. Үүнийг менежмент гэж хэлж байгаа юм. Үүнийг бид биш мэргэжлийн менежерүүд хийх ёстой. Гэхдээ бид өөрсдөө үүнийг хийж ирсэн. Тэр үйлдлээрээ дараагийн уран бүтээлч болох гэж байгаа дүү нартаа туслах ёстой.

-Танай гэр бүлд дуулдаг хүн байгаагүй юм билээ. Харин таныг уран бүтээлч болоход юу нөлөөлсөн бол?

-Бүх Монгол хүн дуулдаг. Харин алдартай хүн нь хэн бэ гэдэг нь нууцлаг байдаг. Дархан аварга Х.Баянмөнхийн аав, өвөө нь барилддаг байсан үгүйг би мэдэхгүй. Тэгсэн хэрнээ Х.Баянмөнх гуай ийм өндөрлөгт хүрсэн нь сонин. Түүн шиг миний өвөг дээдсүүд дуулдаг байсан уу үгүй юу гэдэг нь сонин биш.

-Гэхдээ ген гэж байгаа шүү дээ?

-Мэдээж. Өвөө маань найранд гурван дуутай, аав минь наадамд гурван даваатай.

-Дахиад асуухад тэгээд юу таныг урлаг руу хөтөлсөн юм бэ?

-Амьдрал. Надад тохиолдсон амьдрал цагаан байсан болохоор урлагийн гэгээн харгуйгаар явж байна.    

-Та уран бүтээлч болоогүй байсан бол бөх болох байсан уу?

-Магадгүй. Эсвэл сэтгүүлч. Сэтгүүлч болсон бол би урлагийн хүн шиг сэтгүүлч болох байсан. Би олон сэтгүүлчид ярилцлага өгсөн. Гэвч нэг нь ч надад таалагдаагүй. Тэдний үзэгний үзүүр мохсон байна билээ. Магадгүй тэд сонины нүүр бөглөхийг л бодож ажлаа хийдэг байх. Сэтгүүлч гэдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүн сэтгэлээ гаргаж ажлаа хийх ёстой. Сониноо уншуулж байгаа хүндээ хандаж ямар сайхан гэгээлэг мэдээллээр үйлчлэх вэ гэдгээ бодохгүй байна. 

-Тэгэхээр бидний ярилцлага танд ямар бодол үлдээх бол гэж надад бодогдож байна шүү?

-Зөв. Чи тэгж бодох ёстой. Уран бүтээлч бид шинэ дуу гаргаад хит болгодог шиг таны ярилцлагыг хүмүүс шимтэн уншиж байвал сая л сайхан ярилцлага болж гэж. Гэхдээ бид сайхан ярилцаж байна. Чи надад таалагдаж байна. 

-Та самбо, жүдо бөхийн дэд мастер цолтой. Таны бага нас том цүнх үүрсэн махлаг банди спортын төв ордноор эргэлдсэн шиг өнгөрсөн болов уу?

-Нэг их амжилт үзүүлээгүй болохоор би энэ талаар ярих сонирхолгүй л дээ. Гэхдээ өөрийн тань ярьж байгаа үнэн. Зарим айлын хүүхэд гэр, хичээл хоёрын хооронд зөвхөн эрдэм номдоо шамдаад явж байхад би хичээлээ тараад спортын ордон руу бэлтгэлээ хийхээр том цүнх үүрээд явдаг байсан. Хөлс үнэртсэн бэлтгэлийн зааланд орох сайхан байлаа шүү. Мөн Хөвсгөл аймаг руу зун болгон явж хөгшин аавынхаа уясан хурдны морийг унадаг байсан.

-Тийм их хөдөлгөөнтэй хүүхэд урлагт хөл тавихад бас л их зориг байсан болов уу?

-Миний биеэр нэг онгод орсон болохоор би урлагтай холбогдсон.

-Тодруулбал?

-Хүүхэд байхдаа бөглөө маш сайн тоглодог байсан. Тэгсэн хэрнээ хогны машин хогоо асгахыг харахыг бөглөө тоглохоос илүүд үздэг байлаа. Нэг өдөр найзууд руугаа явж байтал хогны машин хогоо асгаж байна шүү. Би ойрхон очиж хармаар санагдаад ард нь очтол жолооч нь намайг харалгүй машинаа хашлага давуулж ухраагаад намайг дайрчихсан. Би үхээд боссон. Тэр үед миний биеэр онгод орж урлагийг сонгох болсон. Тийм том аваар гаргасан жолоочийг би гомдолгүй гээд үлдсэн түүхтэй.

-Хэчнээн ширхэг бөглөө шүүрдэг байв?

-Хэлж мэдэхгүй байна. Миний хүндэлдэг ах Б.Төгөлдөр агсан “Би хүүхнүүдийг тоолж биш таалж унтдаг” гэж хэлж байсан. Түүнтэй адил би кайф авах гэж бөглөө тоглодог байсан.  

-Улаанбаатар хотын хаана өссөн бэ?

-Би өөрийнхөө гал голомтыг бадраатлаа очоогүй газар, амьдраагүй байр бараг байхгүй.  

-Таныг “Номин талст” хамтлагт ороход А.Хаянхярваа нөлөөлсөн гэдэг юм билээ. Тэр үнэн үү?

-Үнэн. Долоодугаар ангид байхад хаанаас ч юм бүү мэд А.Хаянхярваа гэдэг хүү манай ангид шилжиж ирж билээ. Нэг өглөө би хичээлдээ иртэл сургуулийн үүдэнд нэг гөлөг даарч байгаа бололтой гаслаад зогсч байна. Би өрөвдсөндөө энгэртээ хийгээд ангидаа ороод иртэл өнөөх чинь төд удалгүй чацга алдаад ангиар нэг өмхий үнэртэв. Халуун, хүйтэн харшсан биз. Багш ч бөөн уур “Ийм ажил Дэлгэрмөрөн л хийж байгаа. Наад гөлгөө ангиас хурдан гарга. Заваарсан юм аа ч цэвэрлэ” гэнэ. Хамраа даран барин нэг юм цэвэрлээд гөлгөө аваад гарч байтал хажуугаар нэг банди зөрж орж ирсэн. Тэр л одоо бидний найз болсон Хаянаа байв.

-Одоогийнх шигээ урт үстэй байсан уу?

-Санахгүй байна. Ямар ч байсан надад таатай харагдаагүй. Намхан туранхай л хүүхэд байсан санагдана. Ангид шинэ хүүхэд ирэхээр атманууд эвгүй хүлээж авдаг шүү дээ. Яг л тэрэн шиг би хүлээж авсан. Дунд сургуульд урлагийн үзлэг болдог шүү дээ. Би байрныхаа ах нарыг дуурайгаад гудамжны банзан гитар тоглодог байсан болохоор Хаянаа дуулдаг болоод би ард нь гитарддаг болов. Тэгсэн чинь над руу хуйлардаг охид Хаянаа руу гүйдэг байгаа. Нэг өдөр Хаянаа надад “Дээгий чи энэ дууг дуул би хоёрдугаар хоолой салгаад үзье” гээд “Камертон” хамтлагийн “18 нас” дууг дуулж билээ. Тэр дууг дуулснаар би урлагийн мэдрэмж авч эхэлсэн. Түүний зэрэгцээ эрос Т.Ариунаа Болгараас ирж “Number one” тоглолтоо хийхэд бид ард нь вокал хийсэн. Т.Ариунаа гэдэг дуучны халаалтад гарч байсан гэсэн үг шүү дээ. Тэр үеэр “Номин талст” гэдэг хамтлаг байгуулагдах болоход Д.Батсүх, Т.Хангэрэл нар намайг авалгүй Хаянааг сонгосон. 

-Яагаад таныг сонгоогүй юм бэ?

-Би таалагдаагүй юм байлгүй. Би буцаад байрандаа очсон. Тэр үед сонгууль болж дөнгөж байгуулагдаад байсан хамтлаг халтуур хийж хэдэн төгрөг олсныхоо дараа Хаянаагаа “мурьсан”.

-Юунаас болж...?

-Мөнгөнөөс болсон юм байлгүй. Төд удалгүй тэр хоёр Хаянаагаас уучлал гуйж буцаж нэгдэхийг хүссэн. Тэр үед Хаянаа “Та нар намайг буцаж оруулах гэж байгаа бол би энэ хүүхэдтэй орно” гээд намайг дагуулж очсон. Тэр үед манай хамтлаг 11 гишүүнтэй байлаа.

-Бүжигчидтэйгээ юу?

-Тийм. Бид алдарт хүрэхийн тулд их шинэчлэлийг хийхийн төлөө зүтгэсэн. Түүнийхээ хүчинд өнөөдөр “Номин талст” хэмээх их айлын цамхагийг сүндэрлүүллээ. 

-Санал зөрөлддөг байсан биз?

-Зөрөлдөлгүй яах вэ. Хааяа ширүүхэн юм болно. Малаар ярих юм бол бид дөрвөн азарга гэсэн үг. Эцэг мал хэн гэдгээ харуулахын тулд яаж тэмцэлддэг билээ. Түүн шиг л болж байсан. Гэхдээ бидэнд дарга гэж хүн томилогдсон байсан болохоор дүрмэндээ баригддаг байсан. Тэр дүрмэндээ баригддаг байсан болохоор өнөөдөр энэ их жилийг хамтдаа туулж байна. Дүрмээ баримталдаггүй байсан бол өдийд бутарчихсан ч байх юм бил үү хэн мэдлээ.

-Та охиндоо Зөөлөнсий гэдэг өвөрмөц нэр өгсөн. Тайлбарыг нь ч уншигчид маань мэдэж байгаа байх. Харин яагаад энэ нэрийг сонгосныг нь асуумаар байна ...

-Ээж маань дөрвөн хүү төрүүлсэн. Аавтай минь нийлээд таван эрэгтэй хүнтэй хорвоог туулах байсан. Даанч хоёр хүү нь бурханд илүү таалагдсан юм байлгүй эрт тэнгэрт хальчихсан. Ээж минь тэднийг байхад намайг багад “Энэ олон залуу миний зовлонг ойлгохгүй дээ. Охин хүүхэд байсан бол л ойлгоно” гэж чихэнд хоногштол хэлж байлаа. Харин охиноо төрөхөд би ээждээ охин төрүүлж өгсөн юм шиг баярласан. Би эхнэртэй болохоосоо өмнө “Охин хүүхэдтэй болбол Зөөлөнсий гэдэг нэр өгнө дөө” гэж бодож байсан. Тэр ёсоор надад охин минь заяасан.

-Таны дүү одоо ямар ажил эрхэлдэг вэ?

-Дүү маань “АПУ” ХХК-д ажилладаг. Ахаасаа 5000 төгрөг гуйдаггүй, жинхэнэ ажилчин хүн. Дүү маань ярьж чаддаггүй юм. Ихэр нь эндчихсэн болохоор хүйгээр холбоотой байдаг гэдэг болоод ч тэрүү бурхан болсных нь дараа ярьж чадахаа байсан. Дэлгэрмөнх гэдэг.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Эвгүй зүйл асуух гэж байгаад уучлаарай. Таныг олон жилийн өмнө аавын хаалга татах болсны шалтгаан танхайн хэрэгтэй холбоотой. Би таныг архи уухаараа өөрийгөө хянаж чадахаа байчихдаг юм болов уу, тэгээд л хүнд гар хүрчихдэг байх гэж боддог юм?

-Тэр яах вэ дээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа гаргасан авир л даа. Шуудхан хэлэхэд би тэр амьдралыг үзсэнээрээ дахин төрсөн. Өндөр уулын орой дээр нарны илч яагаад түрүүлж тусдгийг олж мэдэрсэн. Түүнээс биш уусан, идсэндээ биш ээ. Тэнд байгаа орчноо сайхан болгох гэсэн тэмцэл л тийм байдалд хүргэж байгаа юм. Тулалдсан хоёрын аль хүчтэй нь хүчгүйгээ ялдаг хувь тавилан байдаг. Тэр бол ялалт. Ялсныхаа дараа ялалт байгуулсан нь хоригдоно л доо. Гэхдээ л миний хувьд тэр ялалт.   

-Та хэцүү нэртэд байхдаа тусгай өрөөнд байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тэр үнэн үү?

-Хэн нэгэн алдаа хийж буруугаа ухаарахаар хэцүү нэртийн хаалга татвал төрийн эрхмүүд, төмпөн шанага зөөдөг хүмүүс бүгд тэгш эрхтэй болдог. Тэнд хэн нэг нь онцгой эрхтэй байдаггүй. Хүн эрх чөлөөгөө алдахад ижий, ааваас өөр хэн ч шаналдаггүй. Харин алдаа хийсэн хүн нь бусдад буруу өгөхөөс урьтаж өөрийнхөө тэнэгийг л олж хардаг. Буруугаа давтаж болохгүйг яс махандаа ортол мэдэрдэг. Давтах юм бол тэнэгийн тэнэг болж байгаа нь тэр.

-Таны хамгийн дотны хүмүүсийн нэг Х.Лхагвасүрэн, С.Амарсайхан хоёр мөн үү?

-Үгүй. Тэд урлагийн тогоонд буцалж байгаа хүмүүсээс сэтгэлийнхээ үнэнийг хэлж чаддаг ах нар. Тэднээс дотно найзууд надад олон бий. Лхагваа ахын цаанаа л нэг Индиан төрх гоё шүү. Түүнд дээл зохихгүй ээ. Урт хар савхи, азарганы дэл шиг урт хар үс, дугуй хар шил, хоолойны өнгө гээд тэс өөр ертөнцийг илтгэдэг. Харин Амараа ахын аагалж байгаа авир дэндүү сайхан. Өөрөө уг нь их жижиг биетэй шүү дээ. Тэгсэн хэрнээ биенээсээ том аархалтай. Тэр байдал нь надад таалагддаг.

-Энэ хоёр тийм байдаг юм байж. Харин таныг юу чимдэг вэ?

-Би өөрийгөө л чимдэг. Мөн халуун сэтгэл, хүнлэг чанар нэмэгдэнэ.

-Үсээ хэзээнээс ургуулж эхлэх вэ?

-Одоогоор зохиж байгаа нь энэ. Нэг удаа ургуулж тайзан дээр гарч ирэхэд хүмүүс дахиулаагүй. Харин маргааш нь хусуулчихаад гарч ирэхэд шуугилдаад л дахиулсан. Тэгэхээр аль нь илүү байгаа нь мэдрэгдэж байгаа биз дээ. Шивүүлсэн соёмбодоо л байгаа байх.   

-Шивээс хийлгээд хэдэн жил болж байгаа билээ?

-20 гаруй жил.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Дэлгэрмөрөн: Би үхээд боссон хүн шүү дээ   
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй