Шууд Chart

Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай боллоо

2023-05-11 10:18:39

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тулаанууд өндөрлөж, медалийн эзэд тодорлоо.  Хагас шигшээ тоглолтууд 12-нд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.

Өчигдөр манай улсын хоёр боксчин медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. Цаашдаа медалийн өнгө хувиргах тоглолтууд хийх болно.

67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд мэргэжлийн дэвжээнд тулалдаж байсан Венесуэлийн Кристиан Паласиотой өрсөлдлөө. Эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үед илт илүүрхэж, Венесуэлийн тамирчны хөмсөг задарсан тул шүүгчид тулааныг зогсоож, манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.

Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Asadkhuja Muydinkhujaev-тай өрсөлдөнө.

63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр ялж, оноо алдалгүй медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн.

Шөвгийн наймд олимпын гурван хүрэл медальтай, дэлхийн гурван удаагийн аварга, Панамерикийн гурван удаагийн аварга тамирчин Кубын алдарт Ласаро Альварестай гар зөрүүлж, 4:1 харьцаатай буулгаж авсан.

Б.Чинзориг зургаа дахь ДАШТ-дээ оролцож, гурван удаа медалийн төлөө шалгарсны эцэст дэлхийн медальтан боллоо.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой маргааш тулалдана.

Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай боллоо   
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй