Шууд Chart

Боксын ДАШТ-ий медальт Монгол тамирчид

2023-05-12 13:01:45

Энэ жилийн боксын ДАШТ-д Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангаад байна. 63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн оосроос атгаад хангаад буй.

Тэр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлнэ.

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан билээ. Хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орон буюу Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай тулалдах болно.

Түүний өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальтай, өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө тулалдсан тамирчин.

Сонирхуулахад Б.Мишээлт ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн Монгол боксчин болж байна. У.Мөнх-Эрдэнэ 2009, 2013 оны ДАШТ-д 64 кг-д медаль авсан бол тэрбээр энэ жил 67 кг-д медалийн болзол хангасан билээ.

Тэдний хувьд ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авчирсан юм. Манай боксчдоос П.Сэрдамба цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан гэдгээрээ онцлог.

Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байжээ.

ДАШТ-ий медальт монгол боксчдыг танилцуулья.

  1. Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө
  2. Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл
  3. Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө
  4. Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө
  5. Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт
  6. Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө
  7. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл
  8. Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл
  9. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл
  10. Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл
  11. Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл
  12. Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл
  13. Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө
  14. Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл
  15. Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг,?
  16. Баттөмөрийн Мишээлт “Ташкент-2023” 67 кг,?
Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын ДАШТ-ий медальт Монгол тамирчид  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй