Шууд Chart

Дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэнэ

2023-05-23 09:38:49

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мехико хотноо 1968 онд зохион байгуулагдсан зуны XIX олимпын наадмаас чөлөөт бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн, Энэтхэг Улсын Дели хотноо 1967 онд явагдсан ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртсэн дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны алдар гавьяаг дурсаж, хөшөө дурсгалыг тус аймгийн Зуунмод хотноо мөнхжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Зуны тэргүүн сарын шинийн 3-ны Балжиннямтай билэгт сайн өдөр домогт аваргын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, аваргын гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, аймгийн БТСГ-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Жигжидийн Мөнхбат нь 1941 оны VI сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлж, бага залуу наснаасаа үндэсний бөх, чөлөөт бөхийн төрлүүдээр хичээллэж улсын их баяр наадамд 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онд үзүүрлэн Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд төвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга чимэг, цолыг хүртэн ард түмний хайр хүндэтгэлд оршсон гавьяатан байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэнэ  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй