Баян-Өлгий аймгийн нутагт Алтай Таван Богд уулнаас эх авсан олон мөсөн голын нэг нь өвөл, зунгүй мөстэй хэвээр, цав цагаан байдаг тул “Цагаан гол” хэмээн нэрлэсээр иржээ.
Цагаан гол нь Алтай Таван Богд уулын Потанины мөсөн голоос эх авч 111 км урсан Цэнгэл сумын төвөөс хойд зүгт 10 орчим км газарт Ховд гол руу цутгадаг. Тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь тун сонин. Гайхамшигтай энэ голын нийт урт нь 20 км гаруй юм.
Нутгийн иргэд "Сүүн гол" хэмээн нэрлэдэг учир дотоодын аялагчид голын усыг сүүтэй зүйрлэн бэлгэшээж, уух нь их тохиолддог байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг анхааруулахад илүүдэхгүй.
Цагаан голын ус цайвар өнгөтэй байдаг нь мөстлөг ихтэй газраас эх авдагтай холбоотой аж. Мөсөн голууд хүндийн хүчний нөлөөгөөр нүдэнд мэдрэгдэхгүйгээр маш удаан урсаж, энэ үеэр ёроолын шохойлог чулуулгийг нарийн ширхэгтэй болгож тээрэмдэн нунтаглаж байдаг гэнэ. Мөсөн голын урсгалын үеэр бий болсон чулуулгийн тунамал хурдас ихтэй газраас эх авч байгаа тул Цагаан голын ус "сүүн цагаан" өнгөтэй болдог ажээ. Иймээс их хэмжээний чулуулгийн нунтагтай ус уух нь хүний хоол боловсруулах эрхтэн болоод шээсний замын эрхтэнүүдийг гэмтээж болзошгүй юм байна.
Цагаан голын зургийг М.Баршагулын дарснаар та бүхэнд толилуулж байна.
Сүү шиг Цагаан гол /фото/ | ||
Үзсэн: 2130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.