Шууд Chart

Газар хөдлөлт гэж юу вэ?

2023-06-08 08:03:34

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-ноос 9-нд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт улс орон даяар Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургууль болно. Үүнтэй холбогдуулан уншигч танд дараах мэдээллийг хүргэе.


ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхайн долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх үйл явцыг газар хөдлөлт гэнэ. Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн аюулт үзэгдэл юм.


ГАЗАР ХӨДЛӨЛТ ЯАГААД БОЛДОГ ВЭ?

Манай дэлхий нь бүхэлдээ хэдэн том болон жижиг тектоник хавтангуудаас тогтдог ба эдгээр хавтангууд манай дэлхийн гадаад бүрхүүл литосферийг (царцдас мандал) бүрдүүлнэ. Литосфери нь тектоникийн 7 том хавтан, олон тооны жижиг хавтангуудаас бүрддэг байна.

Хавтангууд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан хавтангуудыг Ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй зааг (трансформ) хэмээн үндсэн 3 төрлийн хилд ялгана.

Дэлхийн гадаргуу нь үүссэн цагаасаа хойш гадна, дотны хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга хувирч өөрчлөгдсөөр иржээ. Эдгээр хувьсал нь янз бүрийн шалтгаантай ба нэг хэсэг нь эвдрэн мөхөж байхад нөгөө хэсэг нь шинээр сэргээгдэн буй болдог. Өөрөөр хэлбэл дэлхийн царцдас мандал нь мөнхийн хөдөлгөөнд оршдог.


ГАЗАР ХӨДЛӨЛТ ХААНА ТОХИОЛДДОГ ВЭ?

Манай дэлхий нь бүхэлдээ хэдэн том болон жижиг тектоник хавтангуудаас тогтдог ба эдгээр хавтангууд манай дэлхийн гадаад бүрхүүл литосферийг (царцдас мандал) бүрдүүлнэ. Эдгээр хавтангууд нь мөнхийн хөдөлгөөнд оршдог тул газар хөдлөлт дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог.

Гэсэн хэдий ч ихэнх нь дэлхийн гол тектоник хавтанг тодорхойлдог идэвхтэй хагарал дээр үүсдэг. Дэлхийн газар хөдлөлтийн 90 хувь нь эдгээр хавтангийн хилийн дагуу (энэ нь дэлхийн гадаргуугийн 10 орчим хувийг эзэлдэг) тохиолддог.


ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Дэлхийд газар хөдлөлтийг урьдчилж хэлээд, иймэрхүү хүчтэй газар хөдлөлт тэр цагт болно гэж хэлэх түвшинд өнөөдөр хүрээгүй байгаа. “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” /Earthquake early warning system/ Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем нь газар хөдлөлтийн шинжлэх ухаан болон хэмжилтүүдийг систем ашиглан газар хөдлөлтийг бүртгэж тухайн газар хөдлөлт суурин газарт хүрэхээс өмнө мэдээлэх зорилготой юм. Газар хөдлөлтийг хэдхэн секундийн өмнө урьдчилан мэдээлэх боломж олгодог байна.

Манай орны хувьд “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулан, газар хөдлөлтийг мэдрэх төхөөрөмж, зарлан мэдээллийн дуут дохионуудыг байршуулан ажиллаж байна.


Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгнө. Үүнд:

- Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал

- Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал

- Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомт

Эх сурвалж: belenbai.mn


Газар хөдлөлт гэж юу вэ?  
Үзсэн: 1815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй