
Дэлхийн аюулгүй байдал 2022 онд арван жилийн өмнөхөөс эрс муудсан. Дэлхий даяар геополитикийн харилцаа муудахын хэрээр хямрал мөргөлдөөн олширч, цэрэг дайны зардал нэмэгдэн, хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болж байгааг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн шинжээчид онцоллоо. Тус хүрээлэнгээс өнөөдөр нийтлүүлсэн жил тутмын тайланд энэ тухай өгүүлсэн байна.
“Дэлхий даяарх цөмийн зэвсгийн тоо сүүлийн 30 гаруй жилд буурч ирсэн үйл явц төгсгөл болсон бололтой” гэж Стокхолмын Энх тайвны судалгааны Хүрээлэнгийн захирал Дэн Смит “Франс пресс”-т ярьсан байна. Эдний мэдээгээр, цөмийн зэвсэгтэй 8 гүрний мэдэл дэх цөмийн цэнэгт хошууны тоо 2022 оны эхэнд 12710 байсан бол, 2023 оны эхэнд 12512 болж буурчээ. Тэдгээрээс 9576 нь “болзошгүй ашиглалтад бэлэн зэвсгийн нөөцөд” байгаа нь жилийн өмнөхөөс 86 хувиар өссөн дүн юм байна. Энэ өсөлтийн дийлэнх хувь нь Хятад улсад оногдож байна. Хятадын цөмийн цэнэгт хошууны тоо нэг жилийн дотор 350-с 410 болж нэмэгдсэн гэж тайланд дурдсан байна.
Энэтхэг, Пакистан, Умард Солонгос мөн энэ төрлийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн байгаа бол, Оросынх багахан хувиар буюу 4477-с 4489 болж цөөн тоогоор өсжээ. Бусад улсын цөмийн зэвсгийн нөөц хэвэндээ байгаа юм байна. Орос, АНУ хоёрын хувьд, дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийн бараг 90 хувийг эзэмшсэн хэвээр байна. Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн шинжээчид энэ удаагийн тайландаа, Оросын Украинд явуулж байгаа дайныг онцлон авч үзсэн байна. Эндэх зэвсэгт мөргөлдөөний улмаас их гүрнүүдийн хооронд зөрчилдөөн улам газар авч, “зэвсэглэлд хяналт тавих байдал суларч, дипломат арга хэрэгслүүдийн үр нөлөө буурсан” гэдгийг тэмдэглэсэн байна. Тухайлбал, Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараагаас АНУ Оростой “стратегийн тогтвортой байдлын асуудлаарх” яриа хэлэлцээгээ зогсоосон.
Мөн энэ оны 2-р сард Москва Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, цаашид хорогдуулах асуудлаарх 2010 оны гэрээнээс түр гарснаа зарласан. Энэ гэрээ, АНУ, Орос хоёрын стратегийн цөмийн зэвсгийн хүчийг хязгаарлах тухайд үйлчилж байсан цорын ганц хэлэлцээр байсан” гэдгийг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдэгдэлд онцолжээ. Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн хэмжээнд цэрэг дайны зардал 8 дахь жилээ дараалан өссөн дүнтэй гарч, 2 их наяд 200 тэрбум ам.долларт хүрсэн нь энэ хүрээлэнгээс дайн энхийн асуудлаар судалгаа явуулсан түүхэнд хамгийн өндөр дүн болсон байна.
SIPRI: АНУ болон ОХУ-ын зэвсэглэл дэх цөмийн цэнэгт хошууны тоо өсжээ | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.