Шууд Chart

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадмын бэлгэдлүүд

2023-08-15 08:16:41

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхлэхэд нэг хоног үлдлээ. Наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд 11 спортын 12 төрлөөр зохиогдох тус наадамыг зохион байгуулах эрхийг Тайчун хотноо 2017 онд зохион байгуулагдсан Зүүн Азийн олимпын хорооны хурлаар Монгол Улс  албан ёсоор авсан юм.

Ийнхүү Улаанбаатар хотноо спортын олон төрлийн тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан туршлагатай ч спортын олон төрөлт наадмыг анх удаа зохион байгуулж байна.

Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болон холбогдох албаныхан зэрэг нийт 4500 орчим зочид төлөөлөгч  Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам бөгөөд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг.

Та бүхэнд тус наадмын лого болон бэлэгдлийн талаарх товч мэдээллийг хүргэе.

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын лого нь Монгол Үндэсний гэрийн тооноор дүрсэлжээ. Тооно нь унь ханыг тогтвортой холбон, нарны гэрэл гэгээг нэвтрүүлж, халуун ам бүл, айлчин гийчдийг нэгтгэж буй бэлэгдэлтэй.

Түүнчлэн, тооно, унь нь нар ба нарны цацрагийн бэлгэдэл бөгөөд Монгол Үндэсний гэрийг бөмбөрцгийн байршлаар нь зүйрлэвэл Монгол Улсын нутаг дэвсгэр нь тооно байрлах хэсэгт оршдог. Монгол гэрийг барихад олон хүн гар бие оролцдог.

Иймд "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчид, зочид, төлөөлөгчид Улаанбаатар хотын дээвэр дор ХАМТДАА ЦУГЛАЖ, ХАМТДАА МӨРӨӨДӨН, ХАМТДАА БҮТЭЭХИЙГ бэлгэдэж байна.


ХАКИ

Хаки бол Хангарьд шувуу. Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг.

ЭР ЧАДАЛ, ЭРЭМГИЙ ЗОРИГ, ИХ УХААН цогцлоосон домгийн шувуу билээ.

Тиймээс Улаанбаатар 2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ,  ХҮЧ ЗОРИГ, ИХ ҮЙЛСИЙГ бэлгэдэж байна.


ИНГА

Инга бол үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн Галбингаа шувуу юм.

Түүнийг ҮГ ХЭЛ ЦЭЦЭН, БУРХНЫ ДУУЧ, БҮХНИЙГ ЧАДАГЧ хэмээн өвөг дээдсийн үеэс эрхэмлэн дээдэлж иржээ.Тиймээс Улаанбаатар 2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын ИТГЭЛ НАЙДВАР, УРАМ ЗОРИГИЙГ бэлгэдэж байна.


"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадмын бэлгэдлүүд  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй