Шууд Chart

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгын газарт ажиллалаа

2023-09-18 14:33:43

ХБНГУ-ын Бундестаг эдүгээ түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байна. Тус улсын хууль тогтоох байгууллага Бундестагийн сонгуулийн эрх зүйд яг хэдэн гишүүнтэй байхыг тодорхой заагаагүй бөгөөд үүнд шинэчлэлт хийж, гишүүдийн тоог 630-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбогдуулан хийх шинэчлэлтийн талаар судлах, туршлага солилцох зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тус улсад ажиллалаа. Тэрбээр Рейхстаг болон Бундестагийн Байнгын хороодын ордонд зочилж, ХБНГУ-ын төрийн тогтолцоон дахь парламентын үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар судлав.

Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Михаэл Шөфер Европын Холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэж буй бөгөөд уг сонгуульт ажлынхаа шугамаар эзгүй байсан тул түүнийг төлөөлөн Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүндэтгэн угтав. Тэрбээр Рейхстагийн ордны баруун жигүүр дэх Ерөнхий нарийн бичгийн даргын албан уулзалтын танхимд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, Германы Бундестаг болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, намын бүлгүүд, гишүүдийн санхүүжилт, ёс зүйн дүрэм зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүтцээр дамжуулан Төрийн тогтолцоонд хийж буй шинэчлэлт, түүний зорилго, хүлээгдэж буй үр дүн болон бэлтгэл ажил талаар товч танилцуулав. Үүний хүрээнд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хадгалахад гарч буй сорилт, туршлагын талаар, мөн төсвийг төлөвлөх болон батлах явцад гарч буй өөрчлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар Герман болон парламентат ёс өндөр хөгжсөн бусад улс орнуудаас суралцах, Тамгын газрын үйл ажиллагаа, мэргэжил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, техник, зохион байгуулалтын өөрчлөлтийг хугацаа алдахгүй хийх шаардлага тулгарч буйг тэрбээр дурдлаа.

Бундестагийн 20 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон гишүүний бүрэлдэхүүнтэй парламент бүрдсэнийг хэрхэн цөөрүүлэх, хязгаар тогтоох талаар ид яригдаж, үүний хүрээнд төрийн байгууллын уламжлалт харилцаа, хандлагыг өөрчлөн шинэчлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улсын Их Хурал бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, парламентын төлөөлөх чадамж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь харилцан сорилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тэмдэглэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар Бундестагийн болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хэрэгжилт, тэдний ажлын албаны төсөв, намын болон намын бүлгийн санхүүжилт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав. Дэд дарга Рут Ланг Бунтестагийн захиргааны туршлагыг судлахаар ирсэнд нь талархал илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн даргын хөндсөн асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм. Ажлын албаа санхүүжүүлэх төсвийг Бундестагийн гишүүдэд тус бүрд нь баталж олгодог бөгөөд тухайн төсвөөрөө хэчнээн хүнийг, хэрхэн ажиллуулахаа гишүүд өөрсдөө шийддэг байна. Түүнчлэн Бундестагийн гишүүн аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдолд гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах боловч шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл түүний болон ажилтнуудынх нь цалин хангамж хэвийн үргэлжилдэг аж. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд л бүрэн эрхийг нь хүчингүй болгох хуультай бөгөөд Бундестагийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй юм байна.

Эдүгээ Бундестагт маш олон гишүүн сонгогдон орж ирсэн учир тэдний харилцааны болон ёс зүйн дүрмийг шинэчлээд байгаа талаар хатагтай Рут Ланг танилцуулж, гишүүдийн халдашгүй байдал бол хувь хүний бус парламентын халдашгүй байдал гэсэн агуулгад зангидагддаг талаар ярьсан юм. Тэрбээр, парламентын гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдний ажлын албаны албан хаагчдыг бүх талын чадавхжуулах сургалтыг тогтмол явуулдаг тухай дурдаж, сургалтын хөтөлбөр болон агуулгыг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Михаэл Шөфертэй Олон Улсын Парламентын холбооны Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хоёр орны парламент болон Тамгын газрын харилцааны асуудлаар санал солилцож байснаа дурсан, түүнийг болон хатагтай Рут Лангийг тааламжтай цагтаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг урилаа.

Германы Бундестаг болон түүний Тамгын газрын туршлага, сорилт шийдэл, сургамжийг судлах хүрээд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш олон уулзалт хийв. ХБНГУ-ын парламентын бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын харилцан хяналт-тэнцлийг хэрхэн хангадаг болон Бундестагийн үйл ажиллагааны зарчмуудын талаар Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ дэлгэрэнгүй танилцууллаа. Бундестаг нь Холбооны хуулиудыг баталж, Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газрын тэргүүн, Үндсэн хуулийн дээд шүүхийн шүүгч нар болон Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог ажээ. Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эдүгээ эмэгтэй гишүүн ажилладаг бөгөөд тэрбээр армитай холбоотой аливаа асуудлыг Бундестагт оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй юм. Харин тус улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай боловч Засгийн газрын хямралын үед Бундестагт санал оруулж хэлэлцүүлэх эрх эдлэх бөгөөд Үндсэн хуулийн шүүх парламентаас баталсан хуульд хориг тавих эрхтэй ажээ.

Бундестаг хяналт шалгалтын чиг үүргээ Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр хэрэгжүүлдгийг хатагтай Биргит Рээзэ дурдсан юм. Бундестагийн Байнгын хороод үндсэндээ хаалттай хуралдах боловч ил тод, нээлттэй ажиллах боломжтой юм.

Холбооны төсвийг боловсруулан төлөвлөх, хэлэлцэн батлах үйл явц тасралтгүй агаад давтагдан үргэлжилдэг тул энэ үйл ажиллагааны зохион байгуулалтыг Бундестагийн Төсвийн байнгын хороо, түүний 25 ажлын хэсэг болон бусад холбогдох бүтцүүдээр нарийвчлан зохион байгуулдаг тухай тус Байнгын хорооны Ажлын албаны орлогч дарга, хатагтай Соня Вюстник нэг бүрчлэн танилцууллаа. Төсвийн Байнгын хороо 45 гишүүнтэй, тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.

Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний багц, мөн бодит зарчимд суурилсан санхүүгийн төлөвлөгөө буюу Холбооны өрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан багц, бусад гэсэн ангиллуудтайгаар батлан гаргадаг ажээ. Батлагдсан төсвийг хуулийн дагуу захиран зарцуулж байгаа эсэхэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын хороо Холбооны аудитын газартай хамтран хяналт тавьдаг байна. Энэхүү Хяналтын хороо бол Байнгын хороо биш бөгөөд Төсвийн тухай хууль батлагдмагц Төсвийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулж ажиллуулдаг Дэд хороо болохыг тус хорооны Ажлын албаны дарга, ноён Александр Трохэ тодотгов. Хяналтын хорооны аливаа шийдвэрийг Төсвийн байнгын хороо хэлэлцэх бөгөөд Байнгын хороо шийдвэрийг тогтоол хэлбэрээр хэлбэржүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг байна.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан энэ удаагийн ХБНГУ-д хийж буй туршлага солилцох ажлынхаа хүрээнд улсын төсөв, санхүүгийн тухай хууль, тогтоомжийнтөсөл, тэдгээрт хийж буй дүн шинжилгээ, дүгнэлт гаргах хүрээ хязгаар, аргачлал, үйл явцын талаар тухайлан судалж буй юм. Тиймээс Төсвийн Байнгын хороо болон Хяналтын хорооны Ажлын албаны төлөөлөгчидтэй уулзсаны дараа тэрбээр Бундестагийн Санхүүгийн байнгын хорооны Ажлын албаны дарга, доктор Оливер Фогттой уулзав. Санхүүгийн байнгын хороо үндсэндээ татварын эрх зүйн асуудлыг хариуцдаг хэмээн ноён Оливер Фогт тайлбарлаад, товчхондоо, Төсвийн байнгын хороо ямар зарлага гаргах вэ гэдгийг шийддэг бол манай Байнгын хороо яаж орлого оруулж ирэх вэ гэдгийг хариуцдаг хэмээсэн юм.

Тэрбээр Санхүүгийн байнгын хорооны үйл ажиллагаагаар жишээлэн Бундестагийн Байнгын хороодын талаар танилцуулав. Байнгын хороодыг ерөнхийдөө Засгийн газрын бүтэцтэй уялдуулан зохион байгуулдаг бөгөөд Байнгын хороод дахь намын бүлгүүдийн төлөөллийг ч мөн Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулдаг байна. Тухайлбал, Санхүүгийн байнгын хорооны тэргүүнийг сөрөг хүчнээс томилсон нь энэхүү уялдаатай холбоотой юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Бундестагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, аль Байнгын хороонд шилжүүлэхийг шийдвэрлэдэг ба тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарч байх тохиолдолд тэдгээрийн аль нь удирдаж ажиллахыг тогтоож өгдөг байна. Байнгын хороо хуулийн төслийн талаар 2-3 удаагийн хэлэлцүүлэг хийхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн саналыг авч тусгах зэргээр ажилладаг ажээ.

Бундестагийн Тамгын газрын нэгэн чухал бүтцийн нэгж бол Гадаад харилцааны газрын Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба юм. Тус алба дотроо 10 хэлтэстэй бөгөөд Бундестагийн гишүүдэд тэдний хүсэлтийн дагуу судалгаа, мэдээлэл, лавлагаа бэлтгэж үйлчилдэг талаар Эрүүл мэнд, гэр бүл, өндөр настан, хүүхэд залуусын асуудал хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Барбара Кэрнбах танилцуулсан юм. Парламентын гишүүд цахим платформоор тус албанд хүсэлт гаргаж, шинжлэх ухаан, судалгааны үйлчилгээ авах бөгөөд гишүүдээс тавьсан асуулт, сэдвийг холбогдох хэлтсүүдэд хуваарилж, хариулт бэлтгүүлэхийн зэрэгцээ хэлтсүүд томоохон сэдэв, агуулга дээр хамтран ажиллах шаардлага олонтаа гардаг талаар тэрбээр танилцуулсан юм. Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба 100 гаруй албан хаагчтай ба жилдээ 4000 гаруй судалгаа хийдэг байна. Судалгаандаа тэд Бундестагийн номын сан, парламентын архив, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сан хөмрөгөөс гадна Европын парламентуудын шинжлэх ухаан, баримтжуулалтын төвийн мэдээллийн сан зэрэг олон эх үүсвэр ашиглан судалгаа хийдэг байна.

Дэд дарга, хатагтай Рут Лангийн удирдан ажилладаг Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газар нь Парламентын үйлчилгээний, Бүрэн эрхийн үйлчилгээний, Байнгын хороодын болон Өргөдөл, мэдээллийн гэсэн дөрвөн хэлтэстэй. Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтэст Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний албад харьяалагдана. Гишүүдийн бүрэн эрхийг хангах албаны доктор Улрикэ Буссэ гишүүдийн харилцаа, ёс зүйн асуудлыг хариуцдаг. Тэрбээр, Бундестагийн гишүүд мөнгөн хандив авах хориотой бөгөөд гишүүнийхээ хувиар ямар нэгэн асуудлаар уламшуулал хөлстэйгөөр илтгэл тавьж болохгүй, мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэрэг ёс зүйн хязгаарлалтууд тавигддагийг танилцуулав.

Бундестагийн гишүүд сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ сонгогдсон хойноо ч үргэлжлүүлж болох бөгөөд гагцхүү үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэгтэй байдаг аж. Тухайлбал, өмгөөллийн товчоо ажиллуулдаг байсан гишүүн түүнийгээ үргэлжлүүлэн хийж болох ба ямар өмгөөлөл явуулж байгаагаа ил тодоор мэдээлж байх ёстой. Мөн тэрхүү бизнесээсээ ямар нэмэлт орлого олж байгаа вэ гэдэг нь бүрэн ил тод байх учиртай аж. Мөн гишүүн байх хугацаандаа хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийсэн бол үүнийгээ ил гаргаж тавина. Гишүүний цалин хангамж болон ил тод мэдээлсэн бизнесийн орлогоосоо өөр орлогыг тухай бүр бүртгүүлэх бөгөөд уг орлогын хэмжээ жилд 3000, сард 1000 еврогоос илүү гарвал энэ тухай Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба Бундестагийн албан ёсны вебсайтаар олон нийтэд ил тод мэдээлдэг байна.

Гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг талаар хатагтай Улрикэ Буссэ дурдаад, торгуулийн хэмжээ жилийн цалингийн 50 хувьтай тэнцэхээс эхлэн гаргасан зөрчлийн үнийн дүнгээс хамааран өсдөг гэлээ. Хэрэв гишүүн чуулганы болон Байнгын хорооны, мөн заавал суух ёстой бусад хуралд ирээгүй тохиолдолд өдрийн 200 еврогийн торгууль ногдуулдаг бөгөөд харин хурал, чуулганы үеэр парламентыг үл хүндэтгэх зөрчил гаргасан тохиолдолд Бундестагийн ерөнхийлөгч арга хэмжээ авдаг байна.

ХБНГУ-ын нийт төсөв 2023 онд 476 тэрбум еврогоор батлагджээ. Үүний 0.24 хувийг Бундестагийн төсөв эзэлж байна. Бундестагийн 1.14 тэрбум еврогийн төсөв доторх хамгийн том зардлыг гишүүдийн ажилчдын зардал эзэлдэг бөгөөд үүний дараа хоёрдугаарт Тамгын газрын ажилчдын зардал, гуравдугаарт намын бүлгүүдийн зардал ордог байна. Бундестагийн гишүүдийн цалин, хангамжийн зардал дөрөвдүгээрт, барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зардал тавдугаарт жагсаж буйг Төсвийн хэлтсийн дарга, ноён Франк Энгелхардт сонирхуулав.

Улсын төсөв нэгдмэл бодлоготой бөгөөд боловсруулах, батлах үйл ажиллагаа тодорхой дэгтэй тул Бундестаг өөрийн төсвийг яамд болон бусад төрийн байгууллагуудын нэгэн адил шийдвэрлүүлдэг талаар доктор Франк Энгелхардт ярьсан юм. Өөрөөр хэлбэл, парламентад зориулсан төсөв шийдвэрлэх тусгай нөхцөл байхгүй хэмээн тэрбээр онцоллоо. Зарим тохиолдолд төсвөө батлуулахын тулд Бундестагийн ерөнхийлөгчийг Сангийн сайдтай уулзуулах ч юм уу, Төсвийн байнгын хороонд Сангийн яамтай ярилцах асуудлыг танилцуулах шаардлага гардаг байна.

Бундестагийн төсвийг боловсруулахад тулгардаг хамгийн ярвигтай зардал бол үүсэж бий болсон нөхцөл байдлын талаар цаг тухайд нь байгуулж ажиллуулдаг Мөрдөн шалгах түр хороо, Судалгаа шинжилгээний комиссын зардал юм. Эдгээр нэгжүүд жилд тус бүр хоёр удаа байгуулагдана гэсэн тооцооллоор төсөвт тусгадаг байна. Ялангуяа Мөрдөн шалгах түр хорооны үйл ажиллагаа нарийвчилсан дэг журамтай тул жилд хоёроос олон байгуулагдах боломжгүй хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Германы Үндсэн хуульд, ардчилсан төр оршихуйн хамгийн гол үндэс нь улс төрийн намууд байна хэмээн заасан байдаг. Ард иргэдийн улс төрийн эрх ашгийг төлөөлөх байгууллага бол улс төрийн намууд бөгөөд төрт ёсны гол институциуд болдгийг Муж улсын парламент, намуудын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэ онцолсон юм.

Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг тулд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг намуудад өгдөг бөгөөд энэ нь бүрэн санхүүжилт бус юм. Намын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлбэл тухайн нам улсаас хараат болох эрсдэлтэй байдаг ажээ. Мөн улсын төсөв буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс авч байгаа учраас улс төрийн намууд иргэд, олон нийтэд зардал, санхүүжилтээ ил тод тайлагнах шаардлагатай болж, улмаар үйл ажиллагаа нь жигдрэх, төлөвшихөд сайн нөлөө үзүүлдэг ажээ.

Намын санхүүжилтэд төлөвлөгдсөн төсвийг намуудын индексээр хуваарилах бөгөөд энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэсэн аргачлалаар Статистикийн газар гаргадаг байна. Төсвийн санхүүжилтийн индекст тооцдог нэгэн чухал үзүүлэлт бол сонгуулийн саналын данс буюу Бундестаг болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуульд иргэдээс авсан саналын тоо юм. Саналын тоондоо харгалзуулан суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт авах боломжтой. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна.

Түүнчлэн улс төрийн намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Намынхаа нэрээр албан тушаал эрхэлж байгаа хүмүүс гишүүний хураамж дээрээ намын мандатын үнэлгээг нэмж төлдөг байна. Улс төрийн хувь хүнээс жилдээ 3300 евро хүртэл хандив авч болохыг дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байдаг аж. Мөн өөрийн гэсэн газартай байж болохоос гадна хувьцаа худалдан авч, арилжиж болно. Гагцхүү орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй бөгөөд хэрвээ хуурамч тайлан ирүүлбэл тухайн тайлангийн алдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр санхүүжилтийг хасаж, хориглосон хандив авсан бол түүнийг гурав нугалсан торгууль ногдуулна. Намын санхүүжилтэд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг байна.

Бундестагийн Тамгын газрын Олон улсын болон Европын харилцаа, задлан шинжилгээний газарт үндсэн гурван хэлтсийн зэрэгцээ Мэдлэгийн үйлчилгээний сүлжээний нэгж, Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг харьяалагддаг. Иргэдийн зөвлөл бол урьдчилан тодорхойлсон шалгуурын дагуу санамсаргүй түүврийн аргаар хүн амын бүхий л хэсэг, бүлгийг төлөөлөхүйц байдлаар сонгож бүрдүүлдэг байнгын бус бүтэц юм. Тус зөвлөл нь 30-200 иргэнээс бүрдэхээр хуульчилсан бөгөөд тодорхой нэг сэдвийг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал буюу зөвлөмж боловсруулан Бундестагт хүргүүлдэг талаар Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн багийн гишүүн, доктор Ёохэн Гүкс танилцуулав. Сонгогдсон иргэд асуудлыг хэлэлцэхийн тулд холбогдох мэргэжилтнүүдээс суурь мэдээллийг авах бөгөөд тэдэнд Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг дэмжлэг үзүүлж, эрх тэгш мэтгэлцэх боломжийг олгодог байна.

Парламентад иргэдийн оролцоог хангах энэхүү тогтолцоо нь Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын хуулиар тогтоосон харилцаатай ойролцоо байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаж, уг хуулийн зохицуулалт болон Бундестагийн Иргэдийн зөвлөлийн ялгаатай болон адил зүйлс, тэдгээрийн давуу ба сул талуудын талаар харилцан ярилцсан юм. Ноён Ёохэн Гүкс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар илүү их мэдэхийг хүсэж буйгаа илэрхийлж, Бундестагийн “Парламентын асуудлууд” сэтгүүлд энэ талаар өгүүлэл нийтлүүлэхийг санал болголоо.

Парламент болон парламентат ёсны талаар чухалчлан судалдаг, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан олон нийтийн парламентын боловсролын асуудалд онцгойлон анхаардаг юм. Германы Бундестагт энэ асуудлыг Мэдээлэл, баримтын газар эрхэлдэг. Тус газар нь Номын сан, баримтын болон Мэдээлэл, харилцааны гэсэн хоёр хэлтэстэй.

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга, доктор Андреа Мариа Кребс үйл ажиллагаагаа товч танилцуулж, Зочид, жуулчдыг хүлээн авах, Олон нийттэй харилцах, Арга хэмжээний менежмент болон тусгай төсөл, хөтөлбөрүүд, Бундестагийн ордон дахь урлаг, Парламентын мэдээлэл, Онлайн үйлчилгээ болон парламентын телевиз, Соошл медиа буюу нийгмийн сүлжээ хариуцсан нийт долоон албаны эрхэлж буй ажлуудаас товч дурдав. Эдгээр албад Германы Бундестагийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, контент бэлтгэж олон нийтэд бүхий л суваг, арга хэлбэрээр буюу хэвлэл, сонин, телевиз, радио, нийгмийн сүлжээгээр хүргэхийн зэрэгцээ иргэд, зочдын парламентын ордноор аялуулах, “Нээлттэй хаалганы өдөр” болон хоёр Герман улс эргэж нэгдсэн баярын өдрийг тохиолдуулан муж болгонд ээлжлэн зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох, “хөдөлгөөнт парламент” буюу "инфомобил" аяллын үзэсгэлэнг ажиллуулах, хүүхэд болон залуучуудад зориулсан парламентын боловсролын цахим хуудсуудыг хөтлөх, Бундестагийн урлагийн цуглуулгыг удирдаж, ордны дотоод тохижилт, чимэглэлийг хариуцах зэргээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус хэлтсээс “Бундестагийн өнөөдөр” хэмээх мэдээллийн товхимлыг өдөрт хэд хэдэн удаа, “Парламент” сонинг долоо хоног тутам эрхлэн гаргадаг бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулах зэргээр парламентын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж буйгаа хатагтай Андреа Мариа Кребс цохон дурдсан юм. Тэрбээр хэлтсээ ерөнхийд нь удирдахыг зэрэгцээ Зочид, жуулчдыг хүлээн авах албыг хариуцдаг аж. Тус албаны өсвөр үеийнхэнд зориулсан төслүүдийг хариуцсан мэргэжилтэн, хатагтай Нина Риц дунд, ахлах сургуулийн сурагчдыг анги, хамт олноор нь хүлээн авч Бундестагийн ордноор аялуулахын зэрэгцээ өөрсдийг нь парламентын болон Засгийн газрын гишүүдийн дүрд тоглуулж, намын бүлэг, Байнгын хороод, эрх баригч ба сөрөг хүчний зохион байгуулалтад оруулан тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлүүлдэг гурван цагийн тоглолтын хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан юм. Үүнийг сургуулийн удирдлага, багш нартай урьдчилан зөвшилцөж, хичээлийн сэдэв, агуулгатай нь уялдуулан явуулснаар хүүхдүүд парламентын тухай ерөнхий ойлголт, мэдлэгээ бататгаж, төрийн тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголттой болохын дээр хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжуудыг суралцаж авдаг хэмээн тэрбээр дурдлаа.

Олон нийтийн харилцааны мэргэжилтэн, ноён Кристиан Юнгэ жилийн турш Герман орныг хөндлөн гулд тойрч ажилладаг “Инфомобил” болон зөөврийн үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулав. Тэрбээр, парламентад иргэд ирж танилцан, сурч мэдэхийн хажуугаар парламент өөрөө иргэд рүү очих хэрэгтэй юм байна гэсэн шийдлийн үүднээс эдгээрийг бий болгосон гэсэн юм. Ачааны хүнд даацын 17 метр урт, 20 тонн жинтэй машиныг аль болох цахим технологид суурилсан тоноглолоор тоноглож, явуулын Бундестагийг бүтээсэн байна. Инфомобил 2022 онд 40000 хүнд хүрсэн бөгөөд ирэх найман жилийн дотор сонгуулийн бүх тойрогт очихоор төлөвлөжээ. 

Мөн тус алба 16 зөөврийн самбарт парламентын ардчиллын тухай бүхий л мэдлэг, мэдээллийг багтаасан зөөврийн үзэсгэлэнг тогтмол ажиллуулдаг байна. Үүний зэрэгцээ улсын болон мужийн хэмжээний үзэсгэлэн яармагт оролцож, түүнд Бундестагийн Өргөдөл, гомдлын хорооны гишүүдийг ээлж дараалан оролцуулж заншжээ.

Өнгөрсөн онд Германы Бундестагийн албан ёсны вебсайтад 78 сая хандалт ирснийг Онлайн үйлчилгээ болон парламентын телевизийн албаны мэргэжилтэн, доктор Никола Тепассе мэдээлэв. Тэрбээр парламентын ардчиллын талаар хүүхэд, залууст ойлгомжтойгоор тайлбарлах зорилгоор нээн ажиллуулж байгаа талаар өгүүлж, эдгээр платформуудаар парламентын тухай мэдлэг мэдээллийг хэрхэн тоглоомыг хэлээр хүргэх, тэдэнд зориулж Бундестагаас юуг санал болгож болох талаар идэвхтэй эрэлхийлж ажилладаг талаараа танилцуулсан юм. Мөн национал социализмд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалын өдрүүд зориулсан арга хэмжээ, зургадугаар сард 350 залууг оролцуулан зохион байгуулдаг “Залуус ба парламент”, есдүгээр сард Бундестагийн гишүүдийн урилгаар залуучуудын төлөөлөл болсон 30 орчим залуусыг оролцуулан явуулдаг “Европын улс төр” арга хэмжээнийхээ талаар дурдлаа.

Бундестагийн номын сан анх 1949 онд 1000 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 1.6 сая ном, сэтгүүл, шинжлэх ухааны бүтээлийн сан хөмрөгтэй, дэлхийн парламентын номын сангуудын дотор гуравт жагсдаг томоохон сан болжээ. ХБНГУ-ын парламент Бундестагийн захиргаа болон түүний бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тус номын сан болон Холбооны улсын парламентын ардчиллын түүх, түүнд тулгарсан бүхий л уналт, сэргэлтийг үечлэн үзүүлсэн байнгын үзэсгэлэн бүхий Германы цогчин дуганд зочилсон юм.

Хоёр зуу гаруй жилийн түүхтэй, уран барилгын дурсгал болох Deutscher Dom-д “Зам-буруу зам-тойруу зам” хэмээн тус үзэсгэлэнг 2002 оноос байрлуулсан нь бүх нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх цогц үйл ажиллагааны нэгэн хэсэг болдог байна. Бундестагийн чуулганы танхим болох Рейхстагийн ордон ч мөн түүх, уран барилгын чухал дурсгалын болохын хажуугаар Германы парламентат ёсны хөгжлийн замд тулгарсан сорилт, туулсан замнал, сургамжийг ард иргэдэд ойлгуулах, таниулахад чиглэсэн боловсрол, соёлын өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн хүрээнд засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Өсвөрийн парламент” болон “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрүүдийг сүүлийн хоёр жил дараалан явуулаад байна. Дэд хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар, мэдлэг хандлагаараа шалгарсан сургагч багш Л.Мишигжав дээрх ажлын бүрэлдэхүүнд багтаж, Германы Бундестагийн иргэд, олон нийтийн оролцоог хангах, парламентын ардчиллын талаарх хүүхэд багачууд, өсвөр үеийнхний боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдэй танилцсан юм. Тэрбээр, Герман Улсын төрийн тогтолцоо, ардчилал, түүхийн талаар олон талын өргөн мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, үзэж мэдсэн бүхнээ шавь нартаа бүрэн, зөв дамжуулах өгөхийн тулд хичээх болно гэсэн юм.

Дээрх төслөөс Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайханы Бундестагийн Тамгын газарт хийсэн туршлага солилцох ажлыг Монгол Улсаас ХБНГУ-д суух ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд ихээхэн үр дүнтэй болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэв. Туршлага солилцох ажлын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг нар ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгын газарт ажиллалаа  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй