Шууд Chart

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: Монгол Улсын зөвлөх инженер Д.Цэдэвсүрэн

2023-09-19 11:05:55

Дэлхийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болоод байгаа харилцаа холбоо мэдээллийн технологийн хөгжил нь телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах, хадгалах технологийг эрс өөрчилж, улам боловсронгуй хурдан шуурхай найдвартай, хяналттай болгож байна. Манай улсад үүсэж хөгжөөд 56 жил болж байгаа телевизийн салбарын техник технологийн хөгжил дэвшил ч энэ жишигт хүрсэн. Өнөөгийн техник технологийн энэ хөгжилд хүрэхэд бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, ажил амьдралаа зориулж үлэмж хувь нэмэр оруулсан хүний нэг нь Дамбийжанцангийн Цэдэвсүрэн инженер.

Цэдэвсүрэн инженер Сүхбаатар аймгийн хүн. Алтан овоондоо хувь заяагаа даатгаж явдаг, тэр хирээр Монгол Улсын радио телевизийн салбарт томоор бичигдэх гавьяатай хүн. Тэрээр 1971 онд Одесса хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг төгсөж ирээд Монголын радиогоос ажлын гараагаа эхэлж, 1934 онд үүсгэн байгуулагдахад анх ашиглаж эхэлсэн тоног төхөөрөмжүүдийг Унгар улсад үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд дээр иж бүрэн солих техникийн  шинэчлэлийн ажилд гар бие оролцон, удирдаж 8 жил ажилласан байна. 1979 онд МРТУХ-ны ерөнхий инженерээр томилогдож Радио, телевизийн техник технологийн нэгдсэн бодлого боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах ажлуудыг хийж эхэлсэн байдаг.

Намайг 1981 онд Одесса хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж ирэхэд  телевизэд хар цагаан дүрсийн тоног төхөөрөмжүүдийг өнгөт телевизийн системд шилжүүлэх нүсэр ажил эхэлж байсан юм. Энэ ажлыг удирдан хийлгэж байсан хүн нь Цэдэвээ инженер байлаа. Маш хурдан шалмаг хөдөлгөөнтэй, тэр хирээр хурдан сэтгэж, аливаад инженерийн сэтгэлгээгээр хандаж хийж бүтээж чаддаг хүн. Тухайн үеийн телевизийн студийн тоног төхөөрөмжүүд овор хэмжээ том, бүтцийн хувьд хагас дамжуулагч элемент бүр тус тусдаа гагнагдаж хийгдэж байсан тул эвдрэл гэмтэл гарах нь элбэг, инженер техникийн хүмүүсээс онолын өндөр мэдлэгт шаардана. Манай инженерүүд хар цагаан төхөөрөмжүүдийг буулгахаас эхлээд студийн шинэ төхөөрөмжүүдийг суурилуулж, хэдэн зуун кабель холбоос хийж, үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран хэмжилт тохируулга туршилт хийж богинохон хугацаанд л бие даан ажиллах чадвартай болсон. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн надад энэ бүтээн байгуулалтын ажилд оролцсон нь маш их аз завшаан болж телевизийн студийн тоног төхөөрөмжүүдийн суурилуулалтаас эхлээд холболт, хэмжилт тохируулга, үзлэг үйлчилгээг хийж сурсан ба Цэдэвсүрэн инженерийн ажлын арга барил, туршлагаас их зүйлийг сурч мэдсэн санагддаг.

Цэдэвсүрэн инженерийн онолын өргөн мэдлэгээс гадна хэнд ямар ажил даалгах, ажлын цар хүрээг үнэлж дүгнэх удирдан зохион байгуулах өндөр чадвартай байсан нь бидний ажилд их нөлөөлсөн.1980-аад оны эхээр гадаад, дотоодод сургууль төгссөн олон сайхан инженер, техникчид телевизэд ирж байлаа. Энэ үеэс жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн инженерүүдийн баг бий болж, телевизийн техникийн стандарт, технологийн горимыг илүү нарийн мөрдөн ажиллаж ирсэн нь энэ хүний техникийн болон боловсон хүчний бодлогыг зөв уялдуулан авч хэрэгжүүлж байсантай холбоотой.

Цэдэвсүрэн инженерийн 1980 онд Москва хотоос олимпын нэвтрүүлгийг шууд дамжуулах, 1981 онд Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр радио,телевизийн тусгай нэвтрүүлгүүдийг шууд дамжуулан үзүүлэх зэрэг олон ажлыг чадварлаг зохион байгуулж байсан нь түүхэнд үлдсэн байна.


1981 оны 7-р сард Радио телевизийн шинэ төвийн шав тавих ёслолд оролцож, дараа нь 1988 онд уг төв ашиглалтад ороход түлхүүрийг нь гардаж авч байсан хүн дээ. Шинэ төв баригдаж байх хугацаанд нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах техник технологийн хэсэгчилсэн шинэчлэл хийх, үндэсний нэвтрүүлэг үзэх хүрээг тэлэх, өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан техникийн шинэ боломжуудыг нээн турших бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг энэ хүний удирдлага дор манай инженерүүд хийсээр ирсэн. 1981 онд “Магнолия-80” явуулын станц, 1982 онд “VO-4800” маркийн ТЖК, 1983 онд “BVW-820S” маркийн “U matic” форматын дүрс бичлэг, автомат эвлүүлгийн төхөөрөмж, 1985 онд францын “TOMSON” телекино проекцион, Пикот-2000 дууны төхөөрөмж зэрэг шинэлэг техникүүд ашиглалтад орж байлаа. 1990 онд Японы “BETACAM” хэмээх камер, бичлэгийн магнитофоныг нэгтгэсэн, тухайн үедээ маш боловсронгуй шинэ форматын төхөөрөмж ашиглаж эхэлсэн юм. Ийнхүү шинэ техник технологи оруулж ирэх, хөөцөлдөж хөрөнгө мөнгийг шийдүүлэх ажилд энэ хүний идэвх санаачилга, гүйцэтгэсэн үүрэг их байсан даа.
Цэдэвсүрэн инженерийн хэлж ярьсан, хийж бүтээсэн зүйл бүрээс инженерийн мэргэжлийн үнэ цэнэ мэдрэгдэж байдаг.

Ахмад инженер Ч.Цагаан


ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: Монгол Улсын зөвлөх инженер Д.Цэдэвсүрэн  
Үзсэн: 2945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-20 08:30
Ч.Цагаан инженертээ баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй