
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн төв хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны аравдугаар сарын 04-ний 20 цагаас аравдугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2-3 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 06-наас аравдугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.