
БНХАУ-д хувийн болон олон улсын сургууль хаалгаа барих, хоорондоо нэгдэх нь эрс нэмэгдсэнийг боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлж байна.
Хувийн болон олон улсын сургуулиудыг Засгийн газраас өндөр шаардлага тавьж, хяналт зохицуулалтаа чангатгасан, мөн Хятадын эдийн засаг удаашралтай байгаа, гаднаас ирэх оюутан сурагчдын тоо эрс багассан зэрэг нь олон сургууль хаалгаа барих шалтгаан болж байна гэж тайлбарлаж байна.
Цар тахал гарах хүртэл Хятадад хос хэлээр хичээл заадаг хувийн сургуулиудын тоо эрчимтэй нэмэгдэж, барууны шалгалтын хөтөлбөрийг сургалтын системдээ шингээж эхлээд байсан.
Гэвч 2021 онд Хятадын Засгийн газраас боловсролын хувийн байгууллагуудад чанга хатуу зохицуулга тавьж эхэлсэн байна.
Шалтгаан нь хүүхдүүдэд ирэх боловсролын дарамтыг бууруулах, мөн хувийн сургуульд төлбөр төлөх айл өрхийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилготой гэж тайлбарлаж байсан байна.
Гэвч цар тахлын дараах жилүүдэд энэ шийдвэр боловсролын салбарт бизнес эрхлэгчдэд маш их хүнд дарамт болж эхэлснийг хувийн сургуулийн удирдлагууд хэлж байлаа.
Хятадад сургуулиуд улсын, хувийн болон гадны пасспорттой суралцагчдад зориулсан олон улсын гэсэн төрөлтэй.
2020 онд Хятадын нийт боловсролын байгууллагын гуравны нэг нь буюу 180 мянга орчим хувийн сургууль идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 55 сая орчим сурагч хувийн сургуульд суралцдаг гэсэн тоо баримт байсан байна.
Харин гадны пасспорттой суралцагч элсүүлдэг олон улсын сургуулиудад цар тахлын улмаас, мөн олон улс дахь геополитикийн асуудлаас үүдэж гаднаас ирж суралцагчдын тоо эрс багасч эхэлжээ. Үүн дээр Хятадын Засгийн газрын бодлого ч нөлөөлсөн байна.
Хятадын боловсролын яамнаас хувийн сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг улсын сургуулийн хөтөлбөрт шингээж эхэлснээр хувийн сургуульд төлбөртэй суралцаж эзэмшдэг байсан мэдлэгүүдийг улсын сургуульд үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдсэн байна.
Жишээлбэл, Шанхай хотод олон улсын болон хувийн сургуулийн жилийн дундаж төлбөр 300 мянган юань буюу 141 сая төгрөг байдаг.
Айл өрхүүд энэ хэмжээний төлбөр төлөхөөс илүү улсын сургуульд хүүхдээ суралцуулах нь нэмэгдсэн гэж сүүлийн үеийн судалгаа харуулжээ.
Хятадын дарга Ши Жиньпин боловсролын салбараа Хятад улсыг залуужуулах гол салбар гэж тодорхойлж, дэлхийн хэмжээний боловсролыг дотооддоо олгох боломжийг нээхээр тууштай бодлого баримтлах ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлж ирсэн.
Үүний хүрээнд Засгийн газраас “Эх оронч боловсролыг бэхжүүлэх” нэртэй шинэ хууль өргөн барьсан нь 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Энэ хуулийн дагуу хувийн бага, дунд, ахлах сургуулийн тоонд хязгаарлалт тавьж, боловсролын үйл ажиллагаанд нь зөвшөөрөл олгох үйл явц илүү чангарч байгаа гэсэн үг юм.
Энэ хууль болон өөр бусад шалтгаанаар олон улсын, хувийн сургуулиудын удирдлагууд олноороо сургуулиа зарж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
Үүнээс гадна их, дээд сургуулиуд англи хэлний мэдлэг шаардах нь бодлогоор зөөлөрч байгаагаас хос хэлээр хичээл зааж, хос хэлтэн бэлтгэх сургуулиудын эрэлт буурч байгааг шинжээчид тайлбарласан байна.
Хятадын Ань Хуй мужийн Шинжлэх Ухаан Технологийн их сургууль зургаан төрлийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг цуцалж байгаагийн дотор англи хэлний бакалаврын хөтөлбөр багтжээ.
БНХАУ-д хувийн болон олон улсын сургууль олноороо хаалгаа барьж байна | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.