Шууд Chart

БНТУ-аас хүн амын оюунлаг хэсгийнхэн “дайжих” нь эрс ихэсжээ

2023-11-10 16:40:44

Турк улсад сүүлийн жилүүдэд “Оюуны дайжилт” буюу мэдлэг боловсролтой залуус эх орноо орхин гадагш цагаачлах асуудал эрс нэмэгдсэн. 

Үүнд хэд хэдэн шалтгаан байгаагийн нэг нь эдийн засгийн хямрал бол, нөгөө нь Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы нэг хүний удирдлагын систем улам бэхжиж, цаашлаад энэ улсын ардчилал, хүний эрхийн асуудал хурцаар хөндөгдөх болсон нь гэж шинжээчид үзэж байна.

Яг энэ хүний эрхийн асуудлаас нь улбаалж Европын холбоо мөн Турк улсыг холбоонд нь элсэх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, өргөдлийг нь буцаасаар байгаа юм.

Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуулиар дахин ялалт байгуулж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь үргэлжилж байгаа.

Европын холбооноос Туркийн ардчилал доголдолтой байна, Ерөнхийлөгчийн сонгуулийн систем нэг байрандаа гацсан байна гэсэн дүгнэлт өгсөн.

Мөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо саармагжиж, бие биеэсээ тусдаа байх зарчим нь алдагдсан гэж тодорхойлжээ.

Шүүхийн эрх мэдэлд мөн гүйцэтгэх засаглал хэт оролцож байгааг дурдаж, Дээд шүүхийн шүүгчдийг сонгохдоо мерит зарчим дээр суурилахгүй байгаа зэрэг асуудлыг хөндөж байна.

Туркийн авлигатай тэмцэх бодлого мөн ахиц дэвшилгүй байна гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн Туркийн иргэний нийгмийн байгууллагууд эвлэлдэн нэгдэх, үзэл санаагаа илэрхийлэх эрх нь хумигдсан талаар Европын холбооны тайланд дурджээ.

Сэтгүүлчид, зохиолчид, хуульч, судлаачид, хүний эрхийн идэвхтнүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг өргөн зургаар хааж, боож байна гэж дурдсан байна.

Үндэстэн ястны цөөнхийн эсрэг ялгаварлалтай бодлого одоо ч хэрэгжсээр байгаа зэрэг асуудлаар Европын холбооноос Туркийг гишүүнээр элсүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Тэгвэл Турк улсад "Оюуны дайжилт" нэмэгдэж байгаа нөгөө шалтгаан болох эдийн засгийн хямрал залуусын нуруун дээр хүнд ачаа болж байгааг "Euronews" агентлаг сурвалжилсан байна.

Өнгөрсөн сарын байдлаар Турк улсын инфляцын түвшин 61 хувьд хүрсэн гэсэн албан тоо баримт гарсан. Гэхдээ эдийн засгийн шинжээчид яг бодит байдал дээрээ инфляцын түвшин үүнээс хоёр дахин илүү хөөрөгдсөн байх магадлалтай гэж тооцоолж байгаа юм.

Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт болох лирийн ханш эрс суларсан. Үүний зэрэгцээ Туркийн нийт хүн амын гуравны нэг нь ядууралд өртөх эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг Туркийн статистикийн институтээс тайлагнасан байна.

Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд залуус гадагшаа сурах, ажиллах виз хөөцөлдөж, эх орноосоо дайжих нь эрс нэмэгдсэн гэсэн судалгаа байна.

Туркийн Засгийн газрын статистикийн хорооны тайланд зааснаар 2021 онд 103 мянган иргэн гадагш цагаачилсан бол, 2022 онд энэ тоо 139 мянга болж өсжээ.

Гадагш цагаачилж байгаа иргэдийн олонхийг 25-29 насныхан эзэлж байгаагийн дотор анагаахын боловсролтой иргэд, IT мэргэжилтнүүд элбэг байгааг мөн дурджээ.

2022 онд л гэхэд 2600 эмч гадагш цагаачлах хүсэлт гаргасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ-аас хүн амын оюунлаг хэсгийнхэн “дайжих” нь эрс ихэсжээ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй