
НҮБ-ын аюулгүйн зөвлөл Умард Солонгосын хөөргөсөн цэргийн тагнуулын хиймэл дагуулаас учирч болох аюулыг арилгах асуудлаар өчигдөр хуралдсан ч санал зөрөлдлөө. Америк тэргүүтэй Өрнөдийнхөн хиймэл дагуул хөөргөхдөө ашигласан баллистик пуужин нь гол асуудал, Умард Солонгос цөмийн зэвсэг тээх пуужингийн технологио сайжруулахыг л хичээж байна гэж үзэж байна. Харин Орос, Хятад хоёр Ази Номхон далайн бүс нутаг дахь цэргийн холбоотны харилцаагаа өргөжүүлэхэд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг ашиглаж байна гэж АНУ-ыг буруутгасан байна.
АНУ Умард Солонгос баллистик пуужингаар хиймэл дагуул хөөргөсөн нь бүс нутгийн аюулгүй байдлын орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй, энэ бол цөмийн зэвсэг тээх хүчин чадал бүхий баллистик пуужингийн технологио сайжруулах гэсэн арга гэж зэмлэн буруутгаж байна. Мөн АНУ-ын элчин сайд Томас-Гринфилд БНАСАУ-ыг үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардахгүй байна гэж Орос, Хятадыг гэж буруутгалаа. Мөн Умардын пуужин хөөргөх замд нь байдаг Япон улс Умард Солонгос баллистик пуужин хөөргөөд байх нь тус улсыг цөмийн пуужин бүтээх замыг нь дардан болгох үр дагавартай гэж үзэж байна. Харин Оросын элчин сайд Америкийн яриад байгаа эдгээр мэдээллийг үндэслэлгүй гэж мэдэгдсэн бол Хятадын сайд Америкийг Солонгосын хойгийн байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж байна гэж буруутгасан байна. Умард Солонгосын элчин сайд Хиймэл дагуулаа сансрын тойрог замд оруулснаар Америкийн цэрэг зэвсгийн хөдөлгөөний зургийг авах боломжтой болно, ингэснээр Америкаас ирж болзошгүй аюулд бэлтгэлтэй байх болно гэж мэдэгджээ.
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглан ямарваа нэг техник технологи хөөргөхийг хориглосон байдаг. Гэвч өнгөрсөн 7 хоногт Умардын эрх баригчид цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн. Үүнийгээ улс орноо хамгаалах бүрэн эрхийн асуудал гэж мэдэгдэж байгаа. Энэ баасан гарагт хиймэл дагуулаа бүрэн ажиллуулж эхлэхээс өмнө зарим нэг тохируулга хийх шаардлагатай. Гэхдээ одоогоор цагаан ордон, пентагоны зургийг авсан гэж Пёньяны талаас мэдэгдсэн. Гэхдээ хиймэл дагуулаараа авсан гэх ямар ч зургуудыг хэвлэлд нийтлээгүй байна. Хөрш Өмнөд Солонгос Умардыг цэргийн тагнуулын хиймэл дагуул хөргөсөнтэй холбогдуулан 2018 оны тандалт судалгааны гэрээг хэсэгчлэн түдгэлзүүлж, цэрэггүй бүсийн дагуух агаарын ажиглалтыг сэргээхээ мэдэгдээд байна.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын хөөргөсөн хиймэл дагуулын асуудлаар санал зөрөлдлөө | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.