Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав

2024-01-19 11:54:27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг энэ сарын 17-нд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон газар хөдлөлтийн гамшигтай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Үүний хариуд Элчин сайд М.Игавахара Япон Улсын төр, засаг, ард иргэдэд монголын талаас эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах талаар санал солилцож, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Мөн хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй 2024 онд соёл, боловсролын харилцааг түлхүү хөгжүүлж, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болох хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллах нь чухал гэдэгт санал нэгдэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй