Шууд Chart

ЗГ: "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ

2024-01-31 15:03:48

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа.

Мөн тус хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.
Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна.

Cанхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрт олгоно.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авна.


ЗГ: "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 3515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-31 20:26
9
Зочин [127.0.0.xxx] 2024-01-31 19:13
Яг хэзээ орно гээд байгаа юм бэ 10ны дотор гэснээ шилжүүлж эхэллээ л гэнэ

Бидэнтэй нэгдээрэй