Шууд Chart

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн Элчин сайд нарын уулзалт болов

2024-02-01 13:46:50

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн Элчин сайд нарын уулзалт 2023 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Нью-Йорк хотноо болов.

Уулзалтад НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, ДГХБО-ын бүлгийн дарга, Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мохава болон бүлгийн гишүүн улсуудын Байнгын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр Дээд төлөөлөгч Ф.Рабаб, ДГХБО-ын бүлгийн дарга, Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Г.Мохава нар Руанда Улсын Кигали хотноо 2024 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл болон тус бүлгийн хүрээнд 2024 онд зохион байгуулах, оролцох арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд уулзалтын үеэр ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах Засгийн газар хоорондын хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулж, бага хурлаас гарах төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцээний явцын талаар мэдээлэв.

Мөн ДГХБО-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, ирэх 10 жилийн төлөвлөгөөг тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилттэй уялдуулан, шинэлэг хэлбэрээр тодорхойлон батлахад хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын оролцоо чухал болохыг бүлгийн гишүүд энэ үеэр тэмдэглэв.

Монгол Улс ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах Засгийн газар хоорондын хороог хамтран даргалж байгаа бөгөөд тус хорооны ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болно.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн Элчин сайд нарын уулзалт болов  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй