Шууд Chart

Монголын "кенгуру"

2024-02-02 10:34:00

Экологийн цагдаагийн албанаас амьтдын тухай сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Баданги хүдрийн тухай өгүүлжээ.  

Одоогоос 30 гаруй сая жилийн өмнө үүсэж хөгжин, мөстлөгийн үеийг даван туулсан хүдрийн эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, үр төлийг нь шовшоорой гэдэг.

Дунджаар 10-15 жил насалдаг уг амьтны урд хоёр хөл нь богино, хойд хөл нь урт, нуруу нь бөгтөр тул Монголын "кенгуру" гэж нэрлэдэг.

Хүдэр улирлаа даган өөрчлөгдөх "хамеолон" чадвартай ба цагаан цамцан дээр гоёмсог хар зангиа зүүсэн мэт их тансаг зүстэй.

Баданги хүдэр нь олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг.

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн.

Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.


Монголын "кенгуру"   
Үзсэн: 1426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй