Шууд Chart

ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав

2024-02-03 12:59:20

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, E-petition буюу өргөдөл гомдлын цахим системийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн өргөжиж, 126 гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламентууд, тэдгээрийн хуралдааны дэг, парламентын ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар судалж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарал хандуулж буй юм.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог ИБУИНХУ өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглээд, ялангуяа 1990 оноос хойш Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг үеийг даван туулахад тус улсын оруулсан хувь нэмрийг Монголын төр, засаг өндрөөр үнэлдэгийг онцлон тэмдэглэв.

Мөн энэ удаагийн айлчлал Их Британийн парламентын Нийтийн танхимын ажлын алба, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд шинэ үеийг эхлүүлэх онцгой үйл явдал гэж үнэлж буйгаа тэмдэглээд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн институц болох парламентыг чадавхжуулах чиглэлээр олон улсын парламентуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг онцолсон юм.

Мөн тэрбээр дэлхийн улс орнууд ард түмний төлөөллийн институц болох хууль тогтоох үйл ажиллагаагаа сайжруулах эрэл хайгуулыг эрчимтэй хийж, парламентаа шинэчлэх алхмуудыг идэвхтэй хийсээр байгаа энэ цаг үед “Парламентат ёсны өлгий” гэгддэг Их Британийн Нийтийн танхимаас туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү туршлага судлах арга хэмжээний хүрээнд суралцсан зүйлс, хуримтлуулсан мэдлэг Монголын парламент, парламентын ажлын албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны арга барилаа өөрчлөх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит уулзалтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Нийтийн танхим, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Нийтийн танхим нь 650 гишүүнтэй бөгөөд сонгуулийг нэг мандаттай 650 тойрогт мажоритар системээр явуулдаг байна. Англи 529, Уэльс 40, Шотланд 72, Умард Ирланд 18 сонгуулийн тойрогтой. Парламентын бүх нийтийн сонгууль 5 жил тутамд болж, сонгуульд дийлэнхийн санал авсан улс төрийн нам засгийн газрыг эмхлэн байгуулдаг аж.

Эрхэмсэг ноён Том Гоулдсмит энэ удаагийн айлчлалаар Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан алба, Өргөдлийн хороо, Их Британийн Парламент дахь Олон Улсын Парламентын Холбооны асуудал хариуцсан бүлэг, Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн Парламентын боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан газар, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагаатай танилцан арвин туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан.

Тэрбээр 1996 оноос Нийтийн танхимын Тамгын газарт ажилласан бөгөөд Нийтийн танхимын комиссын нарийн бичгийн дарга, хорооны Ажлын албаны даргын албыг хашиж байгаад 2023 оны 03 дугаар сард Хааны зөвшөөрлийн дагуу ИБУИНХУ-ын Нийтийн танхимын 52 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзалтын үеэр харилцан тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийн дадлагажуулах, тус тусын болон бусад улсын туршлагыг судлахад хамтран ажиллахаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмитийг Нийтийн танхимын төлөөлөгчдөө тэргүүлэн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урьж байгаагаа илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх оролцсон юм.

Мөн өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдийг Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан албаны дэд дарга Эмма Мэкэй, Өргөдлийн хорооны нарийн бичгийн дарга Йонна Велхам, Хуулийн газрын нарийн бичгийн дарга Лиам Лоуренс Смит нар хүлээн авч Нийтийн танхимын бүтэц чиг үүрэг, Өргөдлийн хорооны үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ үеэр тус улсын парламентын тогтолцоо, хуралдааны дэг, парламентын мэтгэлцээн явуулах журам, цахим өргөдлийн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, яриа өрнүүлсэн юм.


ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй