Шууд Chart

АНУ-ын хууль тогтоогчид томоохон цахим платформуудын удирдагчдыг байцаав

2024-02-03 15:34:42

АНУ-ын Сенат нарын танхим энэ долоо хоногт томоохон цахим платформуудын захирлуудыг байцаах сонсгол явууллаа.

"Фэйсбүүк", "Инстаграм", "Снапчат", "ТикТок", "Дискорд", Х платформууд нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэдэг үндэслэлээр энэ сонсголыг явуулсан байна.

АНУ-ын хууль тогтоогчид сонсголд оролцогч захирлууд цахим орчинд хүүхэд хамгаалах ямар арга хэмжээ авах талаар үр дүнтэй шийдэл олохыг шаардаж буй юм байна.

Сонсгол бараг 4 цагийн турш үргэлжилсэн байна. АНУ-ын хууль тогтоогчид дэлхийн хэмжээний томоохон аппликейшнүүдийн боссуудыг байцааж байгаа нь нэн ховор үзэгдэл боллоо гэж цахим орчинд болоод олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугьж байна.

Анх цахим орчин дахь хүүхдүүдийн сэтгэцэд нөлөөлөх контентын асуудлаар технологийн компаниудын удирдлагуудыг цуглуулж сонсгол хийнэ гэхэд "Мета" компанийн захирал Марк Цукерберг болон "ТикТок" компанийн захирал Шоу Зи Чу нар тэр даруйдаа сонсголд оролцоно гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол "Snapchat", X, "Discord" компанийн захирлууд эхэндээ татгалзаж байгаад Засгийн газрын зарлан дуудах бичгийн дагуу оролцохоор болжээ.

Сонсголд эдгээр таван захирлаас гадна цахим хэрэглээнээс хохирсон гэх хүүхдүүдийн эцэг, эхчүүд сууж байсан юм. "Мета" компанийн Ерөнхий захирал Марк Цукерберг сонсголын үеэр эцэг, эхчүүдээс уучлал хүссэн байна.

Сонсголын үеэр хэлэлцэгдсэн гол асуудал нь цахим орчин дахь бэлгийн хүчирхийллийн шинж чанартай контентын хараа хяналтгүй байдал байсан ч захирлууд сонсголд шударга үнэнч оролцоно гэсэн тангаргийн дагуу олон төрлийн асуултад хариулах шаардлагатай болсон байна.

Хятадад анх үүсэж, дэлхий нийтэд танигдсан "ТикТок" аппликейшны гүйцэтгэх захирал Шоу Зи Чугаас гэхэд АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын Засгийн газарт нийлүүлдэг үү гэсэн асуулт асуужээ. Тэрбээр гурван хүүхдийн эцгийн хувьд цахим орчинд хүүхдүүд зохисгүй контентын хохирогч болж байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, Сингапурт амьдардаг хүүхдүүд нь улсын дүрэм журмын дагуу "ТикТок" хэрэглэдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Харин найм дахь удаагаа Конгрессийн өмнө дуудагдаж байгаа Марк Цукерберг хамгийн их дайралтад өртсөн байна. "Мета" компанийн "Инстаграм", "Фэйсбүүк" аппликейшнүүд нь аливаа зохисгүй контент байвал нэн даруй устгалгүй, зөвхөн зохисгүй контент агуулагдаж байж болзошгүй гэсэн анхааруулгатай бүдгэрүүлэгч тавиад орхидог нь маш хангалтгүй арга хэмжээ авч байгаа хэлбэр, хүүхдүүд тэр анхааруулгыг үл тоон зохисгүй контентыг үзэх нь ойлгомжтой гэдгийг эцэг, эхчүүд бухимдан хэлж байлаа.

Энэ сонсголын зорилго нь цахим платформуудын захирлууд зохисгүй контентын эсрэг арга хэмжээг чанга хатуу авдаг болгоход чиглэж байсан ч сонсгол үндсэндээ үр дүн багатай боллоо гэдгийг олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Цахим орчны шинжээчид АНУ-ын конгресс энэ салбарт зохицуулга гаргахаар ажилласаар байгаа ч одоо хүртэл дорвитой үр дүнд хүрч чадахгүй байна гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын хууль тогтоогчид томоохон цахим платформуудын удирдагчдыг байцаав  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй