Шууд Chart

Монголын тээвэрчид Герман улс руу тээвэр хийнэ

2024-02-08 08:57:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай хоёр улсын харилцаа илүү ойртож, Монгол тээвэрчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон хөрш зэргэлдээ Европын орнууд руу тээвэр хийх боломжтой болов.

Цаашид манай хоёр улсын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, өөрөөр хэлбэл автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдлээ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дараах ач холбогдолтой

-Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.

-Хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжинө.

-Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.

-Уг хэлэлцээрээр шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагдсан байна.

-Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгсэл худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЗТХЯ


Монголын тээвэрчид Герман улс руу тээвэр хийнэ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй