Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзав

2024-02-18 09:15:01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.

Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо.

Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзав  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй