Шууд Chart

Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно

2024-02-21 17:46:14

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. 

Тэрбээр уулзалтын эхэнд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгохоор зохицуулсан талаар танилцуулав. Уг тогтоолын нэг дэх хэсэгт малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 977525 малчин, мал бүхий этгээдэд нийт 256.3 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна. 

Манай улс нэг сая гаруй сарлагтай бөгөөд нийт 500 гаруй тонн хөөвөр бэлтгэх нөөцтэй ч одоогийн байдлаар 30 хувийг нь дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн дурдлаа. Тэрбээр, сарлагийн хөөврөөс өнөөгийн байдлаар жилд 20.6 тэрбум төгрөгийн орлого олж байгаа бол үндэсний үйлдвэрүүдэд нөөцөө бүрэн нийлүүлснээр уг орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой хэмээн тодотгосон юм. Нөгөөтэйгүүр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, малчдын орлого бодитой өсөхөөс гадна баялаг бүтээгч, ажлын байр бий болгогч, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чухал түлхэж болно гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Уулзалтад оролцогчид урамшуулал олгох зохицуулалтын талаар үйлдвэр, хоршоод, малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, оролцоог жигд хангах, дундын хяналтын механизмыг тодорхойлох нь чухал гэдэгт санал нэгдэж байв. 

Цаашид сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах хүрээнд хөөврийг стандартын дагуу самнаж бэлтгэх, үзүүлэх сургалтыг орон нутагт зохион байгуулахаар тогтлоо. Үүний дараа парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцсон юм. 

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй гол асуудал нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй