Шууд Chart

Эмийн хяналтын лабораторид ажиллав

2024-02-27 17:34:50

УИХ-д “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эхлээд Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нараас Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл тодруулж, хариулт авлаа.

Ш.Сонинхүү Лабораторийн хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тэрбээр, Лаборатори нь өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг. 1000 мкв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 мкв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78  нь ажилладаг. Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.

Өдөр тутамдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг. 2023 онд 2535 дээжийг 27212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.

2023 оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.

Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхэт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна. Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг хэмээн танилцууллаа.  

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн зүгээс Лабораторийн ахуй нөхцөл, хүний нөөц чадавхижуулах зэрэгт эхний ээлжинд нэг жилд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг өгсөн ч 2024 оны төсөв батлагдахад 245 сая туссан гэсэн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг 2024 оноос Лабораторийг чадавхижуулах үйл ажиллагааг явуулна. Лабораторийн 2024 оны санхүүжилтийн хувьд олон улсын төсөл хөтөлбөрөөс орж ирэх санхүүжилтийг харгалзаж үзэж байж баталсан хэмээв. Үргэлжлүүлэн дээж шинжилдэг өрөөнүүдээр явж танилцахын зэрэгцээ Лабораторийн албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Төгсгөлд нь УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ, Монгол Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг лабораторийн үйл ажиллагаа явуулах зардал, төсөв нь үргэлж хангалтгүй байж ирсэн. Байнгын шаардлагатай урвалж бодис авах зардал нь ч хүрэлцдэггүй юм байна. Лабораторийн өрөөнүүдээр явж үзэхэд гурван чухал аппаратын хоёр нь эвдэрсэн, аппарат болгоны дээр шахам “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг наасан, бараг музей шиг болсон байна. Үүнээс харахад зах зээл дээр байгаа эм чанартай байна уу, чанарыг нь шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал... Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ зөвхөн сери дугаарыг нь нягтлах бус зах зээл дээрээс татаж авч шалгадаг тогтолцоо байх ёстой. Ийм тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир ард иргэд эмийн чанарт итгэхгүй байна. Энэ нь улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байх хор уршигт хүргэнэ. Эцэст нь дүгнэхэд эс үйлдлээр, зориуд эмийн чанарыг хянахгүй байх зорилго тавьсан юмуу гэж харагдаж байна. Тиймээс эмийн чанар, үнэ, худалдан авалт зэрэг цогц асуудлыг зөв тогтолцоонд оруулахад хаана, ямар асуудал, доголдол байна гэдгийг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах сонсголыг Түр хорооноос зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр  хороо 2024 оны 3 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Эмийн хяналтын лабораторид ажиллав  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй