Шууд Chart

УТЗЗ-ийн БХХ-ны жил тутмын ээлжит чуулганы нээлт боллоо

2024-03-04 20:39:03

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 04-нд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл (УТЗЗ)-ийн бүх Хятадын хороо (БХХ)-ны жил тутмын ээлжит чуулган нийслэл Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд нээлтээ хийлээ.

Эдийн засаг, соёл, боловсрол гээд нийт 34 салбарын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2000 гаруй гишүүн хуран цуглаж, төр засгийн бодлого, улс төрийн хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг илүү хөгжүүлэх талаар санал санаачилга, зорилго зорилтуудыг илтгэн тавилаа.

Мөн нээлтийн хурлаар, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы хөтөлбөрийг хянан баталж, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайлан, өнгөрсөн жилийн нэгдүгээр хурлаас хойших төсөл дэвшүүлсэн ажлын тайланг сонсох нь хөтөлбөрийн гол хэсэг байв. Тус хурлаар УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг Ван Хүнин тавьсан бөгөөд БНХАУ-ын төв радио телевиз шууд дамжуулав. Мөн CGTN сувгаар олон улсын олон хэлний орчуулгатайгаар шууд нэвтрүүлсэн нь чухал явдал байлаа.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны чуулган бол Хятадын онцлогтой тогтолцооны зохицуулалт бөгөөд Хятадын Коммунист Намын удирдлага дор олон нам хамтран ажиллах, улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага юм. Мөн Хятадын улс төрийн амьдралын бүх үйл явцад ардчиллыг бүх талаар хэрэгжүүлэх чухал хэлбэр төдийгүй үндэсний засаглалын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.

УТЗЗ-ийн бүх Хятадын хороо нь энэ тогтолцоог хэрэгжүүлдэг үндэсний байгууллага бөгөөд Хятадын Коммунист Нам, ардчилсан нам бүлгүүд мөн намд харьяалалгүй зүтгэлтнүүд, ардын байгууллага, үндэсний цөөнх, нийгмийн бүх салбарын төлөөлөгч, Тайванийн эх орон нэгтэй ахан дүүс, Хонконг, Макаогийн эх орон нэгтнүүд, хилийн чанадаас буцаж ирсэн хятадуудын төлөөлөл, тусгайлан уригдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганы үндсэн чиг үүрэг нь улс төрийн удирдлагууд зөвлөлдөх, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн чиглэл, удирдлагын талаар хэлэлцэх явдал юм. Эдгээр гурван чиг үүрэг нь нам, бүлгүүд, бүх үндэстэн болон нийгмийн бүх салбарын ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, үүргээ гүйцэтгэх чухал агуулга, үндсэн хэлбэр болж УТЗЗ-ийг улс төрийн бусад байгууллагаас ялгах онцлог болдог юм.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны бүрэн эрх нь таван жилийн хугацаатай. Тус хурлыг жил бүрийн гуравдугаар сарын эхэнд хийдэг юм. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган 14 дэх удаагаа болж байна. Энэ жилийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган гуравдугаар сарын 05-наас эхэлж, долоон өдөр хуралдаад энэ сарын 11-ний үдээс хойш өндөрлөнө.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

УТЗЗ-ийн БХХ-ны жил тутмын ээлжит чуулганы нээлт боллоо  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй