Шууд Chart

Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 толгой малыг эздэд нь хүлээлгэж өглөө

2024-03-10 10:02:02

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:

-2023 оны мал тооллогоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 427,184 тоо толгой мал тоологдсон. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон суурьшлын бүсэд орж ирсэн малыг Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрханд 4, Хан-Уулд 2, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашаалан байршуулж, эздийг тогтоож байна. Суурьшлын бүсэд малаа оруулж ирэх нь нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад эрсдэл үүсгэх хариуцлагагүй үйлдэл юм.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж:

-Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал, Эмээлт гэсэн дөрвөн чиглэлд мал гарган, хашаалж байна. Дүүргийн хэмжээнд 73 мянга орчим тоо толгой мал бүхий 1545 иргэн бий. Нийт  малын 70 хувь нь 21 дүгээр хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирээд байгаа юм. Хашаалсан малын эздийг тогтоож, эзэд нь тогтоогдоогүй байгаа малд өвс тэжээл өгөн байршуулж байна хэмээв.

Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байгаа юм.


Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 толгой малыг эздэд нь хүлээлгэж өглөө   
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй