Шууд Chart

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой тогтоолуудын хэрэгжилтэд анхаарна

2024-03-11 14:05:00

УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцэж, авах арга хэмжээний тухай 49, 35 дугаар тогтоол батлан гаргасан.

Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 49-р тогтоолд, гамшиг, ослын үед хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг тооцох, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед бий болсон сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, ажлын байран дахь бэлгийн болон бусад хэлбэрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн жендэрийн үр нөлөөг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалт бий болгох, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах 6 чиглэлээр анхаарч ажиллахыг даалгажээ.

Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлтэй холбогдуулан гаргасан 35-р тогтоолд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, жагсаал, цуглаан хийх журмын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг 5 чиглэлээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран эдгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 13-ны өдөр болох тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яам агентлаг, хууль хяналт, эрүүл мэндийн байгууллага, Хүний эрхийн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм. 


Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой тогтоолуудын хэрэгжилтэд анхаарна  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй