Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна

2024-03-19 10:20:06

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын 99.43 хувийг тоолсон урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар дахин сонгогдож байна. Бусад нэр дэвшигчдээс үнэмлэхүй саналаар ялснаар одоогийн ерөнхийлөгч, өдгөө 71 настай Владимир Путин дахин 6жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын төрийн эрхийг барихаар болж байна. Тэрээр сонгуулийн төв хороо нь урьдчилсан дүнг зарласны дараа Орос, Хятадын хязгааргүй түншлэлийн ач холбогдол болон Украины дайнтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.  

Оросын коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч хоёрдугаарт бичигдэж байгаа бол түүний араас Шинэ Ардын намын Владислав Даванков 3,85 хувийн санал, Оросын либерал ардчилсан намын Леонид Слуцкий 3,15 хувийн саналаар удаалсан байна. энэ сарын 15-17-ны хооронд болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөх эрхтэй 112 сая хүн бүртгэгдсэнээс ирц 74.22 хувь буюу сүүлийн 20 гаруй жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Оросын сүүлийн 20 жилд болсон сонгуулийн ирц 64-69 хувьтай байж иржээ. Путины энэ удаагийн сонгуульд авсан санал ЗХУ задарснаас хойших ОХУ-ын түүхэнд гарсан хамгийн өндөр дүн юм байна.

Сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 28-ны дотор зарлах ёстой, ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын 5-р сарын 5-нд болох товтой байна. ОХУ-ын ерөнхийлөгч Сонгуулийн төв хороо нь ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Орос, Хятадын харилцаа болоод Украины дайнтай холбогдуулж хэд хэдэн зүйл дээр байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал Орос, Хятадын ашиг сонирхол давхцаж байгаа нь олон улсын тавцан дахь нийтлэг зорилтуудаа шийдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна, хоёр улсын харилцаа өргөжин бэхжихэд удирдагчдын хувийн сайн харилцаа эерэгээр нөлөөлж байгаа, Москва, Бээжингийн харилцаа бол маш хүчтэй, харилцан бие биенээ нөхдөг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Франц улс Украинд цэргээ оруулбал Францын цэрэг зөвхөн хоёрдогч үүрэг буюу Украины цэргийг сургах, барууны техник хэрэгсэлтэй хэрхэн харьцах, хэрхэн ашиглахыг заах, энэ төрлийн бусад чиг үүрэг гүйцэтгэх төлөв харагдаж байна. Харин НАТО-той Украины нутагт шууд тулгарвал дэлхийн гуравдугаар дайнд нэг алхам ойртсон хэрэг болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн Кремлийн тэргүүн цаашид Украинтай залгаа хилд аюулгүйн бүс байгуулах шаардлага үүсэх байх гэж мэдэгдсэн ч тухайн бүс хэр өргөн байх талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Мөн Францын ерөнхийлөгч энэ зуны Парисын олимпын үеэр Орос, Украины хооронд гал зогсоох санал дэвшүүлсэн талаар ямар нэгэн зүйл сонсоогүй ч ОХУ энхийн хэлэлцээнд ороход бэлэн байгаа гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-20 13:39
Эх орон гэдэг уг энэ хуний зурхэнд бат оршиж байна.

Бидэнтэй нэгдээрэй