Шууд Chart

Европын холбоо Египет улсад 7.4 тэрбум еврогийн санхүүжилт олгоно

2024-03-19 11:06:46

Европын Холбоо Египет улстай харилцаагаа стратегийн түншлэлд хүргэлээ. Энэ хүрээнд Европын Холбоо Египетийг эдийн засгаа тогтворжуулах, Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 7.4 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулжээ. 2024-2027 оны хооронд гурван жилийн хугацаанд олгох багц санхүүжилтэд Ойрх Дорнодын бүс нутгаас Европ руу чиглэсэн цагаачдын урсгалыг зохицуулахад зориулсан буцалтгүй тусламжийг багтаасан байна.

Энэхүү гэрээ нь Европын Холбооны Египеттэй харилцах харилцааг сэргээгдэх эрчим хүч, худалдаа, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "стратегийн түншлэл" болгон өргөжүүлсэн байна. Санхүүжилтэд Египетийн уналтад орсон эдийн засгийг дэмжихэд ирэх гурван жилд 5 тэрбум еврогийн санхүүгийн тусламж, 1,8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт, 600 сая еврогийн буцалтгүй тусламж багтсан байна. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон Дер Лейен, Итали, Бельги, Грекийн засгийн газрын тэргүүн нараас бүрдсэн төлөөлөгчдийн Каир хотноо Египетийн эрх баригчидтай хийсэн уулзалтын дараа энэхүү багц санхүүжилтийг зарласан байна. Египет улс улс төр, эдийн засгийн жин, түүний маш төвөгтэй газар нутагт оршдог стратегийн байршил нь бидний харилцааны ач холбогдол цаг хугацааны явцад улам бүр өсөн нэмэгдэнэ гэдгийг илтгэж байна гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула тэмдэглэжээ. Энэ хэлэлцээр хоёр талын хамтын ажиллагаа, зохицуулалтад мэдэгдэхүйц ахиц гаргах, нийтлэг ашиг сонирхолд хүрэх зорилготой гэж энэхүү санхүүжилтийн ач холбогдлыг үнэлжээ. Өндөр өртөгтэй дэд бүтцийн том төслүүдэд төвлөрч байгаа Египетийн эдийн засаг сүүлийн үед уналттай байгаа. Үүний зэрэгцээ Газын Зурваст үргэлжилж буй Израил-Хамасын дайны улмаас тус улс улс төр, эдийн засгийн дарамтад байна. Учир нь Газын зурвасын дайны уршгаар Египетийн хамгийн их орлого олдог аялал жуулчлал, Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн үйлчилгээ хязгаарлагдаад байгаа юм. Энэ сарын эхээр ОУВС Каирыг валютын ханшийг уян хатан барьж, бодлогын хүүгээ нэмэгдүүлсний дараа 8 тэрбум ам.долларын зээлийн багц олгохоор зөвшөөрсөн юм.

Эдийн засгаас гадна Европын холбооны санааг зовоож байгаа нэг зүйл нь цагаачдын урсгал. Европын засгийн газрууд Эдийн засгийн хүндрэлээс үүдэн цагаачдыг шахсанаар Египетэд тогтворгүй байдал үүсэх вий гэж удаан хугацааны турш санаа зовсоор ирсэн. Иймээс Ойрх Дорнодын цагаачдыг египетээр дамжин Европд хүрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Египетийг хилийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд нь Европын холбоо дэмжлэг үзүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Египет улсад 7.4 тэрбум еврогийн санхүүжилт олгоно  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй