Шууд Chart

БНЭУ-ын бүх нийтийн ээлжит сонгуульд 970 гаруй сая хүн санал өгнө

2024-03-19 11:13:11

Энэтхэгийн засгийн газар парламентын ээлжит сонгуулийн товыг өнгөрсөн бямба гарагт зарлалаа. Дэлхийд 1,4 тэрбум гаруй хүн амаар тэргүүлдэг Энэтхэг улс бүх нийтийн сонгуулиа ирэх 4-р сарын 19-нөөс 6-р сарын 1-н хүртэл долоон үе шаттайгаар зургаан долоо хоногийн хугацаанд зохион байгуулах юм байна.  Дэлхийн хүн амын 10 хувь буюу 970 сая хүн ирэх таван жилд хууль тогтоох парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгох юм.

Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэгийн бүх нийтийн сонгууль хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгуульд тооцогддог. Энэ жил 970 гаруй сая хүн буюу бараг нэг тэрбум хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харьцуулбал Энэтхэг улсын сонгуульд санал өгөх нийт сонгогчийн тоо энэ онд мөн л сонгуультай Өмнөд Африк, Мексик, ОХУ, Бангладеш, Пакистан, АНУ, Индонези зэрэг улсуудын нийт сонгогчдын тоотой тэнцэж байна. Энэтхэг улс 28 муж, холбооны 8 газар нутагт сонгуулийн 26 тойрогт 43 хоногийн хугацаанд 7 үе шаттайгаар сонгогчдын саналыг авна. Ингэхдээ улс орон даяар нийт нэг сая санал авах байр засаж, тэдгээрт 15  сая хүн ажиллах юм байна. Парламентын доод танхимын 543 суудлын төлөө 2660 нам эвсэл өрсөлдөж байгаа юм байна. Энэтхэг нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг олон намын сонгуулийн тогтолцоотой. 2014, 2019 онуудад ялалт байгуулж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам энэ удаа дахин ялалт байгуулахыг зорьж байна. Бхаратия Жаната нам энэ удаагийн сонгуульд 543 суудалтай доод танхимд 370 суудал авах зорилт тавьсан бол сөрөг хүчний Үндэсний ардчилсан холбоо нам 400 суудал авах зорилт тавьжээ. 2019 оны сонгуулиар Модигийн тэргүүлдэг Бхаратия Жаната нам 303 суудал авсан нь 1980 онд байгуулагдсан тус намын түүхэнд хамгийн олон суудал авсан тохиолдол болж байжээ.

Энэ удаагийн ээлжит сонгууль улс орноо иргэний ардчиллаас Хинду үндэстэн болгон өөрчлөхийг эрмэлзэж байгаа Модигийн эрх мэдлийг улам бэхжүүлнэ гэж Шинжээчид таамаглаж байна. Моди Энэтхэг улсыг Британийн эзэнт гүрний нөлөөллөөс аажмаар ангижруулах үндсэрхэг бодлого хэрэгжүүлж байгаа нь олон нийтийн дунд дэмжлэг сайн байгаа гэж ажиглагчид үзэж байна.


БНЭУ-ын бүх нийтийн ээлжит сонгуульд 970 гаруй сая хүн санал өгнө  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй