Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий Ассамблей хиймэл оюуны ухааны талаар анх удаа тогтоол баталлаа

2024-03-23 12:50:18

НҮБ-ын Ерөнхий Ассамблей хиймэл оюун ухааныг аюулгүй, зүй зохистой хэрэглэх талаар хамтран ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол анх удаа баталлаа.

Өөрөөр хэлбэл, НҮБ хиймэл оюун ухааныг бүх улс оронд үр өгөөжтэй байлгах, хүний эрхийг зөрчихгүй, зүй зохистой хэрэглэхтэй холбоотой зохицуулалт, засаглалын тогтолцоог боловсруулж, дагаж мөрдөхийг бүх гишүүн орнуудад зөвлөмж болгож байна.

Энэ бол хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай байдлыг хангахыг дэмжиж НҮБ-аас баталсан анхны тогтоол юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд уг тогтоолыг санал хураалгүйгээр зөвшилцөж баталсан байна.

Энэ тогтоолын төслийг АНУ санаачилж, Хятад, Япон зэрэг 120 гаруй улстай хамтран боловсруулж, Ерөнхий Ассамблейд өргөн барьсан юм байна.

Мөн технологийг тэгш хүртээмжтэй ашиглахад хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхийг уг тогтоолоор зөвлөмж болгож байна.

АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд Линда Томас-Гринфилд төслийг танилцуулахдаа "Хиймэл оюун ухааныг уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглах ёстой. Технологид удирдуулахын оронд технологио өөрсдөө хянадаг нэгдсэн нэг хамтын нийгэмлэг байх боломж хариуцлагын аль аль нь дэлхий нийтийн өмнө байна" гэдгийг цохон тэмдэглэжээ.

Хиймэл оюун ухааны хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь худал мэдээлэл түгээх зорилгоор ашиглахаас хэрхэн сэргийлэх вэ гэх мэт олон сорилтыг дагуулж байгаатай холбоогдуулан НҮБ анх удаа тогтоол баталж буй нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей хиймэл оюуны ухааны талаар анх удаа тогтоол баталлаа   
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй