Шууд Chart

Канад улс түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлана

2024-03-23 14:20:54

Канад улсын Засгийн газар түүхэндээ анх удаа улс оронд нь түр оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулж, гадаадын цагаач иргэдийн тоог хязгаарлахаар төлөвлөж байгаагаа зарласан байна.

Ирэх гурван жилийн хугацаанд түр оршин суугчдын тоог нийт хүн амынхаа 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Энэ хязгаарлалт олон улсын оюутан, гадаад ажилчид, орогнол хүсэгчдэд хамаарах юм байна.

Өнөөдрийн байдлаар Канад улсад түр оршин суугаа иргэдийн тоо хүн амынх нь 6.2 хувьтай тэнцдэг юм байна.

Сүүлийн жилүүдэд Канад улсад түр оршин суугчдын тоо эрс нэмэгдсэн нь Трюдогийн Засгийн газрын эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлоготой нь холбоотой байсан. 2024 оны эхний улирлын дүнгээр Канадад нийт 2.5 сая гадаадын иргэн оршин сууж байна. Тус улсын статистикийн төв газрын мэдээллээр энэ нь 2021 оны 1 сая гаруй түр оршин суугчтай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм байна.

Түр оршин суугчдын тоо эрс өссөн нь нөгөө талаар байр орон сууцны хомсдол, нийгмийн үйлчилгээний ачаалал нэмсэн учраас Засгийн газар нь цагаачлалын бодлогоо эргэн харахаас аргагүй болсон байна.

Канадын зарим мужид боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүн амынхаа өсөлтийг дийлэхгүй болжээ.

Канад улс ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд гадаадын түр оршин суугч ажилчдаас ихээхэн хамааралтай байдаг ч хөдөлмөрийн зах зээлээ ажиллах хүчний хомсдолоос гаргахын тулд өөрчлөлт хийх шаардлагатай гэж Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд нь мэдэгджээ.

Засгийн газраас баримталж байгаа энэ шинэ бодлогын хүрээнд Канадын зарим бизнес эрхлэгч тавдугаар сарын 1 гэхэд түр орон тоонд байгаа гадаад ажилчдынхаа тоог цөөрүүлж, эдгээр ажлын байранд байнгын оршин суугч, эсвэл Канадын иргэн ажиллах боломжгүйг нотлох шаардлагатай болж буй юм байна.

Ажиллах хүчний хомсдолтой тулгараад байгаа барилга, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа түр оршин суугч ажилчид энэ хуулийн зохицуулалтанд хамаарахгүй.

Эдгээр салбарт ажиллах хүчийг ирэх наймдугаар сарын 31 хүртэл Канад улсад нэвтрэхийг зөвшөөрөх юм байна.

Канадын статистикийн төв газрын мэдээллээр, 2021 онд түр оршин суугчдын 40 хувь нь ажиллах зөвшөөрөлтэй байжээ.

Түр оршин суугчдын 22 хувийг гадаад оюутан, 18 хувийг орогнол хүсэгчид эзэлдэг юм байна.

Канад улс ирэх хоёр жилд Канадад сурах олон улсын оюутны тоонд хязгаарлалт тавьж, сурах виз олголтыг 35 хувиар бууруулахаа энэ оны эхээр мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлана   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй