Шууд Chart

АНУ-ын сенат засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсөв баталлаа

2024-03-24 10:24:43

АНУ-ын сенатын танхим энэ санхүүгийн жилд засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсвийн төслийг баталлаа. Ингэснээр АНУ-ын засгийн газрын агентлагууд ирэх 9-р сарын сүүл хүртэл санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Одоо энэ төсвийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден гарын үсэг зурах ёстой.

Сенатын танхим засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохгүйн тулд шөнө дунд дуусах байсан эцсийн хугацаанаас өмнө амжиж төсвийн тухай төслийг 74:24 гээн саналаар дэмжсэн байна. Энэхүү төсвийн багцаар Батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдал, сангийн яам зэрэг төрийн гол яамдыг ирэх 9-р сарын 30-н хүртэл санхүүжүүлэх юм. Хэрвээ энэ төсвийг амжиж батлаагүй бол өнөөдрөөс эхлээд АНУ-ын яамдын дөрөвний гурав нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх төсөвгүй болж, үйл ажиллагаа нь түр зогсох байсан. Үүнээс өмнөх зургаан сарын хугацаанд АНУ-ын засгийн газар түр санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд төсвөө авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхан төсвийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөрөлдөж, Бүгд найрамдах нам олонхын суудалтай Төлөөлөгчдийн танхим Украин, Тайвань, Израилд цэргийн тусламж үзүүлэх тухай Сенатын баталсан тусдаа хуулийн төслийг үл ойшоож байгаагаас АНУ засгийн газраа санхүүжүүлэх төсвийн хуулиа баталж чадахгүй байгаа юм. Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагчид уг хуулийн төслийг хэтэрхий үнэтэй өндөр дүнтэй, инфляц хөөргөдөх эрсдэлтэй гэж  үзэж байгаагаас гадна өөрсдийн шаардсан хилийн аюулгүй байдлын заалтуудыг тусгасангүй гэсэн үүднээс нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сенат засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсөв баталлаа  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй