Шууд Chart

Япон улс Британи, Италитай хамтран үйлдвэрлэж буй сөнөөгч онгоцоо экспортолно

2024-03-27 10:52:01

Япон улс Их Британи, Италитай хамтран бүтээж байгаа шинэ үеийн сөнөөгч онгоцоо тодорхой нөхцөлөөр экспортлохоор батлан хамгаалахын экспортын хатуу хууль дүрмээ зөөлрүүлэх төлөвлөгөө баталсан байна. Япон улс орныхоо аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хүчин чадал бүхий сөнөөгч онгоц бүтээх ёстой. Мөн үндэсний батлан хамгаалахад сөрөг нөлөө гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сөнөөгч онгоц бүтээх нь зүйтэй гэж засгийн газар нь шийдвэрлэсэн байна.

Японы Засгийн газрын 3-р сарын 26-ны хуралдаанаар гаргасан энэхүү шийдвэр нь эрх баригч Либерал Ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто намын хооронд байгуулсан гэрээтэй уялдаж гарч байгаа юм байна. Тус улсын засгийн газар сөнөөгч онгоцыг гуравдагч улсуудад шилжүүлэх механизм хэрэгтэй гэдэг дээр дүгнэлтээ хийсэн. Гэхдээ сөнөөгч онгоцыг экспортод гаргахаас өмнө Эрх баригч эвсэл нь хэлэлцээ хийх, экспорт хийх бүрт Засгийн газрын зөвшөөрлийг заавал авсан байх гэсэн тодорхой нөхцөлүүд тавих юм байна. Японы Засгийн газар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, батлан хамгаалахын техник хэрэгслийг гадаадад шилжүүлэх тухай гурван зарчмыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг шинэчлэн боловсруулжээ. Шинэчилсэн удирдамжид экспортыг зөвхөн шинэ үеийн сөнөөгч онгоцоор хязгаарлана. Мөн сөнөөгч онгоцыг зөвхөн Японтой батлан хамгаалахын гэрээ байгуулсан, идэвхтэй мөргөлдөөнд оролцдоггүй орнуудад экспортолж болно гэж заасан байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Кихара Минору “Япон улс дайны дараах энх тайвныг эрхэмлэгч статусаа хадгалахын тулд аюулгүй байдалтай холбоотой шийдвэр гаргахдаа хатуу хяналт тавьж байгаа, мөн засгийн газрын энэ шийдвэр Япон улсыг Их Британи, Италитай адил хувь нэмэр оруулах байр суурьтай болгох болно гэж мэдэгджээ. Одоогоор Япон Британи, Итали гурав сөнөөгч онгоцны загвар дээр ажиллаж байгаа юм байна. Таван жилийн дараа онгоцны техникийн үзүүлэлт, гүйцэтгэлийн талаар шийдвэр гаргах боломжтой гэж Японы батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс Британи, Италитай хамтран үйлдвэрлэж буй сөнөөгч онгоцоо экспортолно  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй