Шууд Chart

Франц улс терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгажээ

2024-03-27 11:30:03

Францын засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Москвад болсон халдлагатай холбогдуулан терроризмын аюулын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэн ахиулсан байна. Ингэснээр Франц улс даяар шашин мөргөлийн газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн газруудад эргүүл хийх хүн хүчийг нэмэгдүүлэх зэргээр аюулгүй байдлаа чангатгаж байгаа юм байна.

Москвад олон хүний амь насыг хохироосон террорист халдлага үйлдсэнээ Исламын улс бүлэглэл хүлээсэн нь манай улсад аюул заналхийлж байгааг харгалзан үндэсний аюулгүй байдлыг хангах сонор сэрэмжээ дээд түвшинд хүргэж байна гэж Францын ерөнхий сайд мэдэгджээ. Францын эрх баригчид Парисын олимпын наадам болохоос өмнө терроризмын аюулын эсрэг аюулгүй байдлаа чангатгаж байгаа. Ер нь террорист халдлага гарч болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс ирэх 7-р сард болох Олимпын наадмын нээлтийн ёслолыг үзэх хүний тоог цөөлөх шийдвэрийг мөн гаргаад байгаа юм.

Франц улс өмнө нь Исламын улс бүлэглэлийн халдлагад удаа дараа өртөж байсан. 2015 онд хэт даврагчид концерт үзэж байсан хүмүүс рүү гал нээж, хүмүүсийг олон цагийн турш барьцаалж байсан юм.үүнээс гадна Францын цэргүүд Ойрх Дорнод, Африкт исламын хэт даврагчидтай байлдаж байсан зэрэг нь хэт даврагчдаас халдах үндэслэл болж магадгүй гэж болгоомжилж байгаа талаар олон улсын хэвлэлүүдээр мэдээлжээ. Итали улс мөн Францын адил шийдвэр гаргаж, улаан өндөгний баярын амралтыг угтан аюулгүй байдлаа чангатгасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгажээ   
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй