Шууд Chart

Британи кибер халдлага үйлдсэн үндэслэлээр БНХАУ-ын иргэн, аж ахуй нэгжид хориг тавьжээ

2024-03-27 11:58:25

Британийн засгийн газар сонгуулийн хяналтын байгууллага болон парламентын гишүүд рүү чиглэсэн кибер халдлагад үйлдсэн үндэслэлээр БНХАУ-ын засгийн газартай холбоотой хоёр иргэн, нэг аж ахуй нэгжид хориг арга хэмжээ авсан байна. Хориг арга хэмжээний хүрээнд Хятадын тэдгээр иргэн аж ахуй нэгжийн хөрөнгийг царцааж, Британид зорчихыг хоригложээ. Харин Хятадын засгийн газар улс орнууд бодит үндэслэлгүйгээр бусдыг гүтгэх биш нотлох баримтад тулгуурлах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн АНУ Британитай адил хориг арга хэмжээ авсан байна.

Хакер ажиллагаанд Британийн талаас мэдээлэл алдаагүй, хохирол амсаагүй ч Хятадын төрийн харьяа байгууллага, хувь хүмүүс ардчилсан институци, улс төрийн үйл явцыг онилсон нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэж Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас мэдэгдсэн байна. Хятадын Хубэй мужийн Ухань хотод байрладаг Хятадын нэг фирм болон хоёр хувь хүнд хориг арга хэмжээ авсан байна. 2021 оны сүүлээс 2022 оны 10-р сарын хооронд Хятадын төрийн өмчит компанийн бүртгэлтэй хаягаас Британийн олон сая сонгогчийн хувийн мэдээллийг агуулдаг Сонгуулийн хорооны системд нэвтэрч, Хятадаас ирж байгаа заналхийллийн талаар илэн далангүй үг хэлдэг хууль тогтоогчдыг онилсон үндэслэлээр тэдгээр хувь хүн аж ахуй нэгжид хариуцлага хүлээлгэж байгаа юм байна. Тэрхүү хакер ажиллагаа сонгуулийн үйл явцад нь нөлөөлөөгүй, аливаа хүний эрх, ардчилсан үйл явцад нэвтрэх эрхийг хөндөөгүй, сонгуулийн бүртгэлд нөлөөлөөгүй” гэж Британийн гадаад харилцааны яам тайлбарласан байна. Британийн Сонгуулийн хороонд бүртгэлтэй 40 сая орчим сонгогчийн нэр, хаягийг агуулсан мэдээллийн сан байгаа. Хакер ажиллагаа явуулсан нь асар их хэмжээний хувийн мэдээллийг кибер гэмт хэрэгтнүүдийн гарт оруулж болзошгүй нөхцөл байдалд хүргэсэн. Мөн Их Британийн засгийн газар Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа нь Бээжингээс ямар нэгэн хэлбэрээр хариу арга хэмжээ авахад хүргэх болов уу гэж Бибиси мэдээлжээ. АНУ-ын сангийн яам батлан хамгаалах, сансар судлал, эрчим хүч зэрэг стратегийн дэд бүтцийн салбарыг онилж, хакер ажиллагаа явуулсан үндэслэлээр Хятадын Уханий шинжлэх ухаан технологийн компанид хориг арга хэмжээ авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британи кибер халдлага үйлдсэн үндэслэлээр БНХАУ-ын иргэн, аж ахуй нэгжид хориг тавьжээ  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй