Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоол анх удаа баталлаа

2024-03-27 12:08:32

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Исламын шашны ариун Рамадан сарын хугацаанд Израил-Хамасын дайны галыг зогсоохыг шаардсан тогтоолыг гуравдугаар сарын 25-ны шуурхай хуралдаанаараа баталлаа. 2023 оны 10-р сарын 07-нд Израил-Хамасын дайн эхэлснээс хойш НҮБ-ын Аюулгүй Зөвлөл дайны галыг зогсоохыг анх удаа шаардаж байгаа нь энэ юм. АНУ түдгэлзэж, Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус бусад 14 гишүүн Газын Зурваст гал зогсоохыг дэмжлээ. Вашингтоны энэ шийдвэр холбоотон Израил улсаас эсэргүүцэлтэй тулгарч байна.  

АНУ түдгэлзсэний хариуд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Америк Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах эсэх нь эргэлзээтэй, гал зогсоох тогтоолд түдгэлзсэнээрээ зарчмын байр сууринаасаа ухарсан алхам боллоо гэж үзээд, төлөөлөгчдийнхөө АНУ-д хийх айлчлалыг цуцалсан байна. Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас: “Харамсалтай нь АНУ барьцаалагдсан хүмүүсийг суллах эсэх нь тодорхой бус гал зогсоох тухай шинэ тогтоолд хориг тавьсангүй. Иймээс ерөнхий сайд төлөөлөгчдийн айлчлалыг цуцалсан гэж мэдээлжээ. Вашингтонд хийхээр товлосон айлчлалын хүрээнд Израил, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод хуурай замын цэргийн ажиллагаа явуулах Нетаньяхугийн төлөвлөгөөг хэлэлцэх байсан юм. Америкийн хувьд Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Хамас бүлэглэлийг буруутгаагүй учраас түдгэлзсэн. Гэхдээ гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хоорондоо харилцан уялдаатай гэсэн бидний байр суурийг тусгасан байсан.

Аюулгүйн зөвлөл гал зогсоох тогтоол баталснаар АНУ, Катар, Египет тэргүүтэй орнуудын байнгын гал зогсоох, барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй суллах, Палестины энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг бууруулахад туслах дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ тогтоолд түдгэлзсэнээр Америкийн Израилтай харилцах бодлого өөрчлөгдөөгүй гэсэн тайлбар өгчээ. Энэ тогтоолд Вашингтон хориг тавиагүй нь Газын зурваст явуулж байгаа дайны талаар Америк, Израилын хооронд санал зөрөлдөөнтэй байгааг харуулж байна. Америк Газын зурвасын дайнд 32 мянга гаруй хүн амь үрэгдэж, энгийн иргэдийн хүмүүнлэгийн орчин ихээхэн муудсантай холбогдуулж, дайны бүсэд хүмүүнлэгийн тусламжийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэх зэргээр Израилд тодорхой шаардлагуудыг тавьж байгаа, АНУ Аюулгүйн Зөвлөлийн өмнөх гал зогсоох тогтоолуудад барьцаалагдсан хүмүүсийг суллахтай шууд холбож чадаагүй, Хамас-ын халдлагыг буруутгаагүй, үргэлжилсэн хэлэлцээ тодорхой бус байсан учраас хориг тавьж ирсэн юм. 

 Гуравдугаар сарын 25-нд батлагдсан тогтоолд барьцаалагдсан хүмүүсийг суллахыг шаардсан ч дөрөвдүгээр сард дуусах Рамадан сард багтаад гал зогсоох нөхцөлийг бүрдүүлээгүй байна гэж ажиглагчид үзэж байна. Харин Палестин болон түүний холбоотон Арабын улсууд хэрвээ Израил Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхгүй бол Израилд хориг арга хэмжээ авах зэргээр хариуцлага тооцоход нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлд шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоол анх удаа баталлаа  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй