Шууд Chart

НЗДТГ: Иргэд газраа цаг алдалгүй чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ

2024-03-30 15:22:29

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг бүсэд 110 айлын газрыг чөлөөлөхөөс 67 айл газраа чөлөөлөхөө илэрхийлсэн. Өнөөдөр эхний ээлжийн 18 нэгж талбарын айлуудтай санал солилцож байна. Тус 18 нэгж талбарыг чөлөөлснөөр хоёр блок барилгын ажлыг энэ хавар эхлүүлэх боломжтой. Баянхошуу орчмыг орон сууцжуулахад тухайн бүсийн айл өрхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Бид хөрөнгийн үнэлгээ хийхдээ иргэдийн эрх ашгийг дээдлэн, хууль, журмаа баримтлан ажиллана. Мэдээж айл бүрийн амьдралын нөхцөл өөр учир шийдвэрээ нухацтай бодож гаргах хэрэгтэй. Иргэд шийдвэрээ хурдан гаргаж байж бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ. Цаг алдах тусам барилгын материал зэргээс шалтгаалсан үнийн өсөлт гарч болзошгүй. Тус 18 нэгж талбарын айлууд бүрэн зөвшилцөлд хүрвэл гэрээ байгуулж, газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Цаашид 14 хоног тутам иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь, цаг алдалгүй шийдэх болно” гэв.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс байрны ам метр талбайг илүү томруулах, ам метр талбайн үнийг бууруулах боломжтой эсэх, байранд орохгүйгээр газар, үл хөдлөхөө заран, мөнгийг нь авч болох зэргийг тодруулж, албаныхнаас мэдээлэл авсан юм.

“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд 2023-2025 онд дахин төлөвлөлтөөр 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тус 110 айлын орон сууцанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдэнэ. Мөн газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангах юм.

Ташрамд, Сонгинохайрхан дүүрэг нь 350 мянган иргэнтэй, 95 мянган өрхтэй, 43 хороотой. 43 хорооны 33 хороо нь дан гэр хороолол буюу 95 мянган өрхийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. Улаанбаатар хотын зургаан дэд төвийн хоёр нь Сонгинохайрхан дүүрэгт байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


НЗДТГ: Иргэд газраа цаг алдалгүй чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй