Шууд Chart

Нэг сая гаруй иргэн тоон гарын үсэг авчээ

2024-03-30 18:17:24

Улсын бүртгэлийн байгууллага “Цахим гарын үсгийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн бүрт 2022 оны тавдугаар сараас “Тоон гарын үсэг” олгож эхэлсэн.

Иргэд иргэний үнэмлэх, гар утасны аппликейшн болон улсын бүртгэлийн киоск машинаас тоон гарын үсгээ авах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн Хаан болон Голомт банктай хамтран ажиллаж, банкны АТМ ашиглан иргэдэд тоон гарын үсэг олгож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 1 сая 100 орчим мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханы яриаг сонсоно уу.

Тус байгууллага төрийн үйлчилгээг түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлд 3 байршилд болон 4 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн “Цахим үйлчилгээний төв”-ийг нээн ажиллуулж байгаа юм.

Энэ төвийг нээснээр иргэд улсын бүртгэлийн 18 төрлийн лавлагаа, 6 төрлийн үйлчилгээ, тоон гарын үсэг авах болон улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээг цахим машинаас 7 хоногийн 24 цагийн аль ч үед хурдан шуурхай авах боломж бүрджээ.

Үүний зэрэгцээ улсын бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ нэвтрүүлээд байна.

Бүртгэлийн үйлчилгээний төвүүдэд биечлэн очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан байршилд оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаарын шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.


Нэг сая гаруй иргэн тоон гарын үсэг авчээ  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй