Шууд Chart

ЗХЖШ: “Ахлагчийн алба-одоо ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

2024-04-03 10:51:00

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд “Ахлагчийн алба-одоо ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2024.04.03/ зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан ба энэ онд дээрх байгууллагуудын ахлагч нарын дунд чуулга уулзалт, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, урлаг, спортын уралдаан, тэмцээн, сайн үйлс, хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Түүний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагыг харгалзан холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, ахлагчийн бүрэлдэхүүний сургалтын тогтолцоо, хөтөлбөрийг боловсронгуй болгох, мэргэжил, мэргэшлийн түвшин, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлэх үндсэн зорилгоор уг хурлыг зохион байгуулж байна.

Хурал “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, шинэчлэл”, “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал, сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зам”, “Ахлагчийн бүрэлдэхүүний гэр бүл, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал ба шийдэл”, “Эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудал ба шийдэл” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд өрнөж буй юм. Энэ удаа эрдэм шинжилгээний хурлын 3 дахь шатны шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд өмнө нь нэгдүгээр шатанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд дотооддоо мөн хоёр дахь шатны шалгаруулалтад эхний шатанд шалгарсан илтгэлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүний шалгаруулсан шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж буйгаараа онцлог болж байна.

Хуралд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүн, шилдэг илтгэгч нар, тэргүүний ахлагч нарын төлөөлөл оролцож байна. Эрдэм шинжилгээний хурлыг нээж ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Аливаа эрдэм шинжилгээний хурал нь судалгаанд суурилж, практик үр дагавар, бодит байдал, туршлагад тулгуурлан, судлаачаас өргөн мэдлэг, өндөр ур чадварыг шаарддаг ба эцсийн үр дүн нь хууль, эрх зүй, бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, байгууллага, хамт олны үйл ажиллагаанд тусгагддаг өндөр ач холбогдолтой юм.

Эх орон, төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөж Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, Цагдаагийн байгууллагуудад алба хааж, ачааны хүндийг үүрч яваа ахлагч нарынхаа санал сэтгэгдлийг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх нь өнөө цаг доорх эн тэргүүний бодлого, зорилт юм.

Энэ мөчид эрдэм шинжилгээний хурлын ерөнхий удирдамжийн дагуу дотооддоо үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцэж, шалгаруулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, өнөөдөр хэлэлцэгдэх 8 илтгэлийг бэлтгэн хэлэлцүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж ажилласан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүнд болон шалгаруулалтын нэг, хоёрдугаар шатанд идэвхтэй оролцсон нийт ахлагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье” гэдгийг онцоллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


ЗХЖШ: “Ахлагчийн алба-одоо ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй